Dark Light
Гадаад | 2026-11-14

АНУ ОРОН ДАЯАР ТОГТООСОН НИСЛЭГИЙН ХОРИГОО ЦУЦАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Сүүлийн 25 жилд тохиогоогүй агаарын тээврийн томоохон саатал АНУ-д гарч, 6,600 гаруй нислэг цуцлагдсан юм. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн холбооны систем доголдсоны улмаас дөрвөн цагийн турш орон даяар бүх нислэгийг зогсоосон бөгөөд Тээврийн яамнаас энэ нь кибер халдлага бус техникийн гэмтэл байсныг мэдэгдэв.

Агаарын хөдөлгөөний удирдлагын төвүүдийн холбоо харилцааны системд саатал гарч, нисэх онгоцны буудлуудад эмх замбараагүй байдал үүссэн тул АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) Баасан гарагт орон даяар нислэгийг зогсоох шийдвэр гаргасан юм. Энэ нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш үргэлжилсэн хугацаагаараа хамгийн урт нислэгийн хориг болсон бөгөөд холбогдох байгууллагууд саатлыг арилгасны дараа хязгаарлалтыг цуцаллаа. 

Тээврийн сайд Шон Даффи Зүүн эргийн цагаар оройн 20:15 цагт АНУ-ын агаарын орон зайг дахин нээснийг мэдэгдэв. Гэсэн хэдий ч нислэгүүдийг үе шаттайгаар сэргээх бөгөөд агаарын тээврийн компаниуд хэвийн үйл ажиллагаандаа ороход багагүй хугацаа шаардагдахыг тэрээр анхааруулсан байна. 

Нислэгийн хяналтын FlightRadar24 сайтын мэдээллээр, 6,600 гаруй нислэг цуцлагдаж, 8,600 нислэг хойшилсон бол Ням гарагт үйлдэхээр төлөвлөж байсан 1,500 нислэг мөн цуцлагджээ. Дөрвөн цаг үргэлжилсэн энэхүү саатал нь агаарын тээврийн хуваарьт хэд хоногийн турш нөлөөлж, улс орон даяар хэдэн арван мянган зорчигч нисэх буудлуудад гацахад хүрснийг шинжээчид болон албаныхан онцоллоо. 

СААТЛЫН ШАЛТГААН БА ХУУЧИРСАН СИСТЕМ

Үдээс хойш 15:36 цагийн үед нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн радар болон холбооны систем тогтворгүй болсноор асуудал эхэлсэн байна. Чухал мэдээлэл дамжуулдаг свич болон чиглүүлэгч төхөөрөмжүүд хэт ачаалсны улмаас зөрүүтэй мэдээлэл гарч эхэлсэн тул Холбооны нисэхийн захиргаа орон даяар бүх хөөрөлтийг зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. 

Тээврийн сайд Даффи энэ талаар тайлбарлахдаа радар болон холбоог бүрмөсөн алдаагүй тул тэнгэрт нисэж явсан мянга мянган онгоцыг аюулгүй газардуулж чадсаныг дурдав. Одоогийн байдлаар тулгарсан техникийн гэмтлийг засаж, нислэг үйлдэхэд аюулгүй болсон ч хуучирсан нислэгийн хөдөлгөөний удирдлагын системийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатайг тэрээр санууллаа. 

Тэрээр шинэ системийг санхүүжүүлэх шийдвэр гаргаагүй Конгрессыг буруутгаж, агаарын тээврийн дэд бүтцийг орчин үеийн болгохын тулд 50 тэрбум ам.доллар гаргахыг уриалсан байна. 

КИБЕР ХАЛДЛАГА УУ ЭСВЭЛ ТЕХНИКИЙН ДОГОЛДОЛ УУ?

Дотоодын аюулгүй байдлын сайд Марквейн Маллин энэхүү саатал нь кибер халдлага эсвэл хиймэл оюун ухааны (AI) хяналтаас гарсан үйлдэлтэй холбоотой гэх ямар ч нотолгоо одоогоор олдоогүйг мэдэгдэв. Түүний хэлснээр, хуучирсан системд шинэ тоног төхөөрөмж, технологи суурилуулах явцад систем хэт ачаалснаас үүдэлтэй техникийн саатал болсон шинжтэй байгаа аж. Гэсэн хэдий ч Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Дотоодын аюулгүй байдлын яам хамтран мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

ЗОРЧИГЧИД БОЛОН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ

Хориг тавигдах үед тэнгэрт 3,500 орчим онгоц нисэж байсан бөгөөд нислэгийн чиглэлийг өөрчлөх ажиллагааны хүрээнд 670 онгоцыг хөөрсөн нисэх буудал руу нь буцааж, 157 онгоцыг өөр буудлууд руу шилжүүлэн газардуулжээ. Чикагогийн О'Хара зэрэг томоохон нисэх буудлуудад аялагчид нислэг нь цуцлагдсаны улмаас аяллаа хойшлуулах, эсвэл зочид буудалд хоноглох эсэхээ шийдэж ядан хүлээж байв. 

Уг саатал нь агаарын тээврийн компаниудын хувьцаанд ч сөргөөр нөлөөлж, American Airlines, United Airlines болон Delta Air Lines-ийн хувьцааны ханш 1-2 хувиар, харин JetBlue Airways-ийн хувьцаа 3 орчим хувиар унасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08