Хятад улс Украины энхийн хэлэлцээний үйл явцад шууд оролцдоггүй тул энэ удаагийн уулзалтаар Орос-Украины дайны асуудлыг ярих нь тохиромжгүй гэж үзэн хэлэлцэхгүй байхаар болсон байна. Ийнхүү Путиний санаачлага бүтэхгүй болж байгаа бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлах үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, цөмийн зэвсгийг хорогдуулах асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгааг Цагаан ордноос Баасан гарагт мэдэгдлээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Оливиа Уэльс сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, дэлхий дахинд цөмийн зэвсэг тархах нь туйлын аюултай гэж Ерөнхийлөгч Трамп үзэж байгаа тул уг сэдвээр ярилцахаар болсныг онцолсон байна. Гурван гүрний удирдагчийн анхны энэхүү гурван талт уулзалт Хятадын Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр буюу Пүрэв гарагт болно.
ХЯТАДЫН ДУРГҮЙЦЭЛ БА ЦАГААН ОРДНЫ БАЙР СУУРЬ
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд төвлөрсөн чуулга уулзалтыг зохион байгуулж буй БНХАУ-ын хувьд уулзалтын гол сэдвийг цөмийн зэвсэг хорогдуулах асуудал руу чиглүүлэх гэсэн Трампын шаардлагад нэлээд дургүйцэж байгаа аж. Бээжингийн зүгээс дэлхийн хамгийн их цөмийн нөөцтэй АНУ болон ОХУ-тай энэ сэдвээр шууд хэлэлцэхээс олон жилийн турш татгалзаж, өөрсдийнх нь нөөц харьцангуй бага тул уг хоёр гүрэн эхлээд хоорондоо тохиролцох нь зүйтэй гэсэн байр суурь баримталсаар ирсэн юм.
Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтан энэ талаар тайлбарлахдаа, уг уулзалтаас шууд ямар нэгэн гэрээ байгуулна гэж хүлээхгүй байгаа ч Хятад улс одоо л "томчуудын ширээнд сууж, нухацтай асуудлаар ярилцах цаг нь болсон" хэмээн мэдэгджээ. Энэ онд АНУ болон ОХУ-ын хооронд байгуулсан Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний (New START) хугацаа дуусгавар болоод байгаа билээ.
УУЛЗАЛТААР ХӨНДӨГДӨХ БОЛОН ХӨНДӨГДӨХГҮЙ СЭДВҮҮД
Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр гурван удирдагчийн уулзалтын хүрээнд дараах онцлог зохицуулалтууд хийгджээ:
-
Хэлэлцэх сэдэв: Ерөнхийлөгч Трамп цөмийн зэвсгээс гадна АНУ, Израилын зүгээс Ираны эсрэг явуулж буй дайны асуудлыг хөндөнө.
-
Украины асуудал: Хятад улс Украины энхийн хэлэлцээний үйл явцад шууд оролцдоггүй тул энэ удаагийн уулзалтаар Орос-Украины дайны асуудлыг ярих нь тохиромжгүй гэж үзэн хэлэлцэхгүй байхаар болжээ. Мөн Трамп Путинтэй ганцаарчилсан уулзалт хийхгүй.
-
Илон Маскийн оролцоо: Тэрбумтан Илон Маск Трамптай хамт Хятадад айлчлах боловч Ши Жиньпин, Путин нартай хийх уулзалтад оролцохгүй.
-
Хойд Солонгос: Ерөнхийлөгч Трамп Даваа гарагт эхлэх Ази дахь дөрвөн өдрийн айлчлалынхаа (мөн Филиппинд зочилно) хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах төлөвлөгөөгүй байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



