Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обаматай сонгуульд өрсөлдсөн бол түүнийг "төвөггүй ялах байсан" хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь өмнөх төрийн тэргүүнээ "үл хүндэтгэсэн" хэрэг хэмээн спортын сэтгүүлч, улс төрийн тоймч Стивен А.Смит үзсэн байна.
Пүрэв гарагт Смиттэй хийсэн ярилцлагынхаа үеэр Д.Трамп өмнөх ерөнхийлөгчөө "хэт дөвийлгөгдсөн", "нийгмийг хагалан бутаргагч" хэмээн шүүмжлээд, түүнийг сайн ерөнхийлөгч байсан гэж боддоггүй гэдгээ шууд хэлжээ.
Тэр өдрийнхөө орой Стивен А.Смит CNN сувгийн хөтлөгч Лаура Коутст ярилцлага өгөхдөө Трампын амнаас ийм үг унана гэж огт төсөөлөөгүйдээ "цочирдсон" гэдгээ илэрхийлэв. Тэрээр "Обамаг ялна гэж хэлсэнд нь би гайхаагүй, харин түүнийг ингэж их үл тоомсорлож, хүндэтгэлгүй хандсанд нь л цочирдлоо. Үнэнийг хэлэхэд тийм зүйл болно гэж би лав бодохгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
СОНГУУЛИЙН ЯЛАГДАЛ БА ТРАМПЫН СЭТГЭЛГЭЭ
Стивен А.Смит цааш нь хэлэхдээ, Трамп өөртөө хэт итгэлтэй байдгийнхаа зэрэгцээ либералуудыг үзэн яддаг, Ардчилсан намыг улс орныг сүйрүүлж байна гэсэн хатуу бодолтой хүн хэмээн дүгнэсэн байна. Смитийн тайлбарласнаар, Трамп "Обама бол зүүний үзэлтэн, тиймээс тэр зүүнийхнийхээ үгэнд орохоос өөр аргагүй болно. Тэгэхээр зүүнийхний хийж буй элий балай зүйлсийг нь илчлээд өгөхөд л би түүнийг ялчихна" гэж тооцоолдог аж.
Энэ сарын эхээр болсон Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам томоохон ялагдал хүлээж, Трампын дэмжсэн олон нэр дэвшигч Ардчилсан намынханд ялагдсаны дараахан тэрээр ийнхүү Обамаг шүүмжилсэн юм. Зарим шинжээчид Бүгд найрамдах намын энэхүү ялагдлыг Ираны дайнаас үүдэлтэй Трампын нэр хүндийн уналттай холбон тайлбарлаж байна.
Харин Стивен А.Смит ярилцлагынхаа төгсгөлд "Трамп зүүнийхний эсрэг өрсөлдөж буй бусад нэр дэвшигчдэд энэ сэтгэлгээг нь хүмүүс дэмжинэ гэж бодсон байх. Гэвч Америкийн ард түмэн үүнээс өөр сонголт хийдэг гэдгээ тодорхой харууллаа" хэмээн онцолжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



