Жэнсэн Хуангийн уналт бол зүгээр нэг тагнуулын дуулиан биш, харин Д.Трампын шийдвэрт нөлөөлөх гэсэн улс төрийн тулаан байсан юм.
Дэлхийн хамгийн хүчирхэг технологийн компаниудын нэгийг бүтээсэн эрхмийн хувьд Жэнсэн Хуангийн Вашингтон дахь нөлөө нь хиймэл оюун ухааны (AI) салбарт эзэлсэн ноёрхлоос нь дутахааргүй чухал болсон байв. Nvidia компанийн гүйцэтгэх захирал асан тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай шууд харилцах сувагтай болж, Хятад руу дэвшилтэт AI чип нийлүүлэх зөвшөөрөл гаргуулж чадсан юм.
Гэвч Трамптай хэт ойр дотно байсан нь эргээд түүнийг улс төрийн бай болгожээ. Жэнсэн Хуангийг гүйцэтгэх захирлын суудлаас нь буулгахад хүргэсэн дуулианы цаана технологийн салбарынхан болон Бээжингийн эсрэг хатуу бодлого баримтлагчдын дунд өрнөсөн урт хугацааны тэмцэл нуугдаж байв. The Washington Post сонины мэдээлснээр, Трампын засаг захиргааны зарим албан тушаалтан Хуангийн нөлөөнд зүгээр ч нэг таагүй хандаад зогсохгүй, түүнийг бүрмөсөн устгахыг хүсэж байжээ.
ВАШИНГТОНЫ ХЯТАДЫН БОДЛОГЫН ТӨВД ОРСОН ЗАХИРАЛ
Жэнсэн Хуанг Америкийн чип үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн зарахыг зөвшөөрөх нь эцсийн дүндээ АНУ-д ашигтай гэж үздэг байв. Хятадын компаниудыг өөрсдөө бие даан шинэ технологи хөгжүүлэхээс сэргийлж, Америкийн технологиос хамааралтай хэвээр барьж байх нь илүү дээр гэж тэрээр тайлбарладаг байжээ.
Харин Бээжингийн эсрэг хатуу байр суурьтай улстөрчид Nvidia-ийн дэвшилтэт чипүүдийг Вашингтон, Бээжингийн хооронд өрнөж буй технологи, цэргийн өрсөлдөөний хамгийн чухал зэвсэг гэж хардаг. Иймд орлогын тодорхой хувийг авах нөхцөлөөр Хятадад чип зарах зөвшөөрөл олгосон Трампын шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын албаныхан эрс эсэргүүцэж, Хуангийн Ерөнхийлөгчид үзүүлж буй нөлөөг гартаа "цөмийн бөмбөг" атгуулсантай зүйрлэн шүүмжилж байсан аж.
МАРКО РУБИОГИЙН САНАМЖ БИЧИГ БА ТАГНУУЛЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Марко Рубио Хуангийн хувийн харилцаанд анхаарал хандуулснаар хурцадмал байдал шинэ шатанд гарчээ. Тагнуулын төв газрын (CIA) тайланд үндэслэн Рубио Хятадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй хятад бизнес эрхлэгч эмэгтэйтэй Хуанг дотно харилцаатай байгааг Ерөнхийлөгч Трампад анхааруулсан санамж бичиг хүргүүлсэн байна.
Уг мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа Жэнсэн Хуанг харилцагч компанийнхаа удирдах албан тушаалтантай нууц амрагийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ. Төд удалгүй Nvidia-ийн дотоод ажилтантай холбогдсон өөр нэгэн дуулиан ил болсноор компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Жэнсэн Хуанг Пүрэв гарагт гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон юм.
ХЯТАДЫН ЭСРЭГ ХАТУУ БОДЛОГО БАРИМТЛАГЧДАД БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
Жэнсэн Хуан албан тушаалаа өгснөөр Хятад руу чип экспортлохыг хязгаарлахын эсрэг дуугардаг технологийн салбарын хамгийн хүчтэй төлөөлөгч замаас зайлуулагдлаа. Одоо АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид оны эцсээс өмнө хэлэлцэх батлан хамгаалахын томоохон хуулийн төсөлд Хятадын дэвшилтэт чипний хүртээмжийг хаах, чип хууль бусаар хил давуулахыг илрүүлэх хатуу хяналтуудыг тусгахаар ажиллаж байна.
Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн тусгай хорооны дарга Жон Муленаар "Өөрийнх нь үүсгэн байгуулсан компаниас Жэнсэн Хуан халагдсан нь зайлсхийх боломжтой байсан харамсалтай төгсгөл юм. Америкийн компаниуд хамгийн дэвшилтэт чипээ Хятадын компаниудад өгч, үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулах ёсгүй" хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп Хуангийг огцорсны дараа түүнийг "гайхалтай ажилласан домогт хүн" хэмээн өмгөөлсөн ч Вашингтон дахь хүчний харьцаа хэдийнээ өөрчлөгдөж, АНУ-ын технологийн экспортын хяналт улам чангарах нөхцөл бүрдээд байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



