“Бид дэлхийн боловсролын хаана явна вэ” гэдэг асуултад хариулсан тунчиг сэтгэл эмзэглэмээр дүн мэдээг саяхан олж уншив. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас гурван жил тутам улс орнуудын боловсролын чадавхыг тогтоохын тулд 15 настнуудын дунд хийдэг “Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ” /PISA/-нд Монгол Улс 2025 онд хоёр дахь удаагаа хамрагджээ. Математик, унших чадвар, байгалийн ухааны мэдлэгээр зайлшгүй олж авах ур чадвараа эзэмшсэн үү гэдгийг тогтоодог тус судалгаанд манай улсын 191 сургуулийн 7146 суралцагч хамрагдаж, нийт дүнгээрээ 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
Монгол хүүхдүүд уншаад ойлгох ур чадвараар бусад улс орнуудаас маш доогуур эрэмбэлэгдсэн бол 2022 оноос хойш гурван жилийн хугацаанд хот, хөдөөгийн суралцагчдын мэдлэгийн хоцрогдлын зөрүү бага зэрэг ойртсон, байгалийн ухааны мэдлэг нь тэлсэн ч математик, унших чадвараар төдийлөн ахиц үзүүлж чадаагүй байгаа нь боловсролын салбарын хөгжил дэвшил дэлхийгээс хол хоцрогдсон хэвээр буйг харууллаа.
Судалгаанд хамрагдсан 91 сургууль дунд нэг л сургууль уншиж, ойлгох чадвараар дэлхийн дунджийг давсан нь олон улсын Кембрижийн хөтөлбөрийг үндэсний боловсролын тогтолцоотой хослуулдаг “Оюунлаг” хувийн сургууль байсан тухай мэдээ сүүлийн хэдэн өдөр сошиал орчинд анхаарал татлаа. Энэ сургуулийн сайн жишээнээс бид юуг ойлгох ёстой вэ гэвэл дан ганц үндэсний боловсролын тогтолцоогоор өдөр, шөнөгүй хичээл зааж, дааж давшгүй их даалгавар өгөөд ч боловсролын түвшнээрээ дэлхий байтугай Азидаа ч дундаж руу орж чадахгүй юм байна гэдэг цор ганц үнэн юм. Тэгэхээр Монголын төр цахим орчны наад захын мэдлэгтэй, заалгаж байгаа мэдлэгээ уншаад ойлгодог, байгалийн ухааны мэдлэг бүрэн авсан, хөгждөг, хөдөлдөг шинэ үеийг бэлтгэхийн тулд боловсролын тогтолцоондоо өөрчлөлт хийх, монгол хүүхдүүдийг хоцрогдлоос чөлөөлөх шаардлагатай болжээ.
Хүүхдийн ирээдүйг мөнгөөр хэмжихгүй ч...
Энэ оны есдүгээр сарын 08-нд энэхүү судалгааг олон нийтэд танилцуулахаас өмнө хийгээд дараа нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан ирэх онд боловсролын салбарт юу хийх вэ гэдгээ танилцуулсан юм. Л.Энх-Амгалан сайд энэ үеэр ярихдаа “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх нь Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын нэг том зорилт байх юм. Үүнийг зургаан том шинэчлэлээр хийнэ. Хот, хөдөөд суралцаж байгаа сурагчдын сурлагын ялгааг арилгана. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна. Сургалтын сайн хөтөлбөр, сайн багш, хүүхэд бүр хувьсах зардалтай болох эхлэлийг тавина” хэмээн мэдэгдсэн билээ.
Энэхүү том шинэчлэлийг ирэх оноос тууштай хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал дэмжиж, боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтөд 928 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн нь алга таших ёстой том шийдвэр байлаа. Энэ мөнгө замын хашлага, зуны гурван сард дэлгэрээд үхдэг цэцэг, навчинд бус та бидний үр хүүхдийн боловсролын төлөө зарцуулагдах хөрөнгө оруулалт болно. Хүүхэд дэлхийн боловсролыг дэргэдээсээ, гэрийнхээ ойр авдаг байхад зарцуулагдах юм. Суралцагчдыг хиймэл оюун ухааны эрин үед цахим орчинтой ойртуулах компьютержуулах, гэрт ойрхон буюу “Төрөлжсөн ахлах сургууль”, түүнийг дагасан 39 дотуур байр, Кембрижийн хөтөлбөрийг үндэсний боловсролын тогтолцоотой хольсон аймаг, нийслэл, сумын 142 шинэ сургуулиудыг бий болгоход зарцуулагдана. Монгол хүүхдүүдэд олон улсын Кембрижийн хөтөлбөр гэдэг холын мөрөөдөл бус ойрын хүсэл болж, дэлхийн боловсролыг хот, хөдөөгөөс үл хамааран дэргэдээсээ авч чадах боломж бүрдлээ. Хүүхдийн ирээдүйг мөнгөөр хэмжихгүй ч төсвөөр баталгаажуулж байж л үр дүн гарна.
“Хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролыг эзэмших ёстой шүү” гэсэн PISA-гийн өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэхэд буюу 72 цэцэрлэг шинээр барихад зарцуулна. ЕБС-ийн 6,7 дугаар ангийн 140 гаруй мянган сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах, 2030 он хүртэл ахлах ангийг ч хамруулах хөтөлбөрийн санхүүжилтэд 2027 онд 200 тэрбум төгрөг төсөвлөснийг Л.Энх-Амгалан сайд танилцуулжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засаг хямрахын хэрээр хүнс тэжээлээ бүрэн авч чадахгүй байгаа зорилтод бүлгийн суралцагчид ч тэр хэрээр нэмэгддэг.
Хүүхэд нэн чухал амин тэжээлээ авч чадахгүйгээс өсөлт, хөгжил, оюун ухааны хоцрогдолтой, амин дэмийн дутагдалтай, дархлаа нь унаж, өвчлөлд өртөмтгий болж буй энэ цагт хоёр дахь гэр болсон сургууль нь ядахдаа өдөр бүр уух ёстой цэвэр ус, сүү, шаардлагатай амин дэмтэй хоол хүнсээр хангадаг болсон нь маш том давуу тал. Мөн хоолны зардлыг нь ЕБС-д 5845, цэцэрлэгт 8800-гаар баталсан нь үнийн өсөлтийн энэ үед суралцагчдын зайлшгүй авах өдрийн илчлэг, амин дэмийг бүрэн биш ч хангалттай хэмжээнд хангаж чадах мөнгөн дүн рүү дөхлөө. Суралцах орчин таатай болохын хэрээр сурлагын чанар дээшлэх, суралцагчид сэтгэл ханамжтай болох, сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж, дэлхийн боловсролын хөгжил дэвшил рүү хамтдаа нэг алхам урагшлах боломжийг төр засаг нь төсвийн бодитой дэмжлэгээр бий болголоо.
Таны эрүүл мэндэд зарцуулах 264 тэрбум
Боловсролын салбартай хамтатган яригддаг өөр нэг сэдэв бол эрүүл мэнд. Эрүүл монгол хүн сурсан мэдсэнээ ашиглан улсдаа ихийг хийж бүтээнэ. Эрүүл монгол хүүхэд энэ улсын ирээдүй. Тиймээс эрүүл хүнээ эртнээс бэлтгэх ёстойг ойлгож, боловсролтойгоо уялдуулан анхаарал тавьж буй талархууштай хэрэг юм. Ирэх онд “Эрт илрүүлэг”-ийг цэцэрлэг, сургуулийн 270 гаруй мянган хүүхдэд хийхээр төсвийг нь бүрэн баталжээ. Үүнээс гадна зорилтод бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд маань нэн чухал зүрх судас, даралт, чихрийн шижингийн эмээ ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж, үнэгүй авах болсон нь иргэний халааснаас гарах байсан 103 тэрбумыг хэмнэсэн том дэмжлэг болов. Нийтдээ 430 гаруй мянган ахмадуудын 40 орчим хувь нь ядуу буюу тэтгэврээрээ дөнгөн данган хэрэглээгээ зохицуулж буй гэсэн судалгаа байна.
Тиймээс төр засгаас бодлогоор дэмжиж, ТӨК-иудын төсвөөс гадуур эргэлдэж байсан цэвэр ашгийг төсөвтөө татаж, ахмадуудад суурь тэтгэвэр шинээр олгож, дундаж тэтгэврийг ирэх онд 1.3 саяд хүргэхээ мэдэгдээд байна. Үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнэ сараар бус өдрөөр өсөж буй энэ цагт хэрэглээний эм, тангаа авч чадахгүй нь олон учраас ахмадуудаа үнийн өсөлтийн өмнө хэзээ ч орхихгүй гэдгээ Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Учрал мэдэгдсэн юм. Тиймээс ахмадуудынхаа эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийе хэмээгээд хамгийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг нь даатгалд хамруулсанд мянга, мянган ахмадууд талархаж суугаа нь дамжиггүй.
Эрүүл мэндийн хүртээмж, үйлчилгээг иргэндээ илүү ойртуулах, эмнэлгийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлөх бодлогын хүрээнд ирэх онд эрүүл мэндийн 69 төслийг 264.6 тэрбумаар хийх бөгөөд 44 эмнэлгийг шинээр барьж, өргөтгөж, засварлахаар төсөвт тусгажээ. Тухайлбал, та бидний олон жил хүлээж буй Зүрх судасны төрөлжсөн эмнэлэг, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын III эмнэлгийн өргөтгөл зэрэг том бүтээн байгуулалтууд багтжээ. Дан ганц барилга байгууламж ч бус шаардлагатай тоног, төхөөрөмжийн шинэчлэл, засварын төсвийг баталж өгснөөр эрүүл монгол иргэнийг илүү олон болгох, эх орондоо дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж илүү ойртов. Төрийн баталсан төсвийг гагцхүү хүндээ хүргэж, бодит бүтээн байгуулалт болгох эсэх нь салбар удирдсан сайд, дарга нарын хичээл зүтгэл, ажлын ур чадвараас шалтгаалах нь ээ. Боловсрол, эрүүл мэнд буюу монгол хүний хөгжилд зарцуулах 1.2 их наядын санхүүжилтийг “чулуу” болгох нь Э.Батшугар, Л.Энх-Амгалан нарын сайд нарын ур чадвар, хичээл зүтгэлээс шууд хамаарна. Улсын хөгжлийг замын урт, барилгын өндрөөр бус эрүүл саруул, боловсролтой иргэн л тодорхойлно.
АДМИН







Нийгэм




