АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийсэн бөгөөд уулзалт 13 минут үргэлжлээд өндөрлөсөн талаар Fox News мэдээллээ.
БНХАУ-ын өмнөд бүсийн Шэньжэнь хотноо болж буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт нь Д.Трампын бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхэлснээс хойш хоёр удирдагчийн хийж буй дөрөв дэх удаагийн хоёр талын уулзалт болж байна. Талууд өмнө нь 2025 оны АПЕК-ийн уулзалтын үеэр Өмнөд Солонгост, мөн энэ оны тавдугаар сард Бээжинд, есдүгээр сард Вашингтонд тус тус уулзаж байсан юм.
Уулзалтаар худалдаа, Тайванийн асуудал, тагнуулын дуулиан болон хүний эрхийн сэдвүүд голлох байр суурь эзэлж байна:
Худалдаа ба газрын ховор элемент
АНУ-ын тал Бээжинг өнгөрсөн хугацаанд өгсөн амлалтуудаа, тухайлбал Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах болон газрын ховор элемент, стратегийн ашигт малтмалын экспортын хязгаарлалтыг цуцлах үүргээ бүрэн биелүүлэхийг шаардаж байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд тогтоосон гаалийн татварын түр эвлэрэл ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусгавар болох бөгөөд Хятадын тал Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авах эсэх нь харилцан татвар бууруулах тохиролцооны хэрэгжилтээс шалтгаална гэдгийг саяхан мэдэгдсэн юм.
Тайванийн асуудал
Тайвань нь Трамп, Ши нарын уулзалтын байнгын сэдэв байсаар ирсэн. Хоёр хоногийн өмнө Манила хотноо сэтгүүлчид Д.Трампаас уулзалтын үеэр Тайванийн асуудлыг хөндөх эсэхийг асуухад тэрээр “Би хөндөх шаардлагагүй, тэр өөрөө энэ асуудлыг гаргаж тавина” хэмээн хариулжээ. Д.Трамп өнгөрсөн арванхоёрдугаар сард Тайваньд 11.1 тэрбум ам.долларын зэвсэг худалдах шийдвэрийг баталсан ч 14 тэрбум ам.долларын хоёр дахь багцад хараахан гарын үсэг зураагүй байгаа юм.
Тагнуулын дуулиан ба хүний эрхийн шаардлага
Энэ удаагийн уулзалт Nvidia компанийг үүсгэн байгуулагч Жэнсэн Хуан Сингапурын “Megaspeed” компанийн удирдах ажилтан асан, Хятадад мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэмээн АНУ-ын тагнуулынхны хараанд өртсөн Элис Хуантай харилцаатай байсан дуулианаар огцорсны дараахан болж байна.
Түүнчлэн олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятадад хоригдож буй Америкийн иргэд болон Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жимми Лай (20 жилийн ялтай), Жошуа Вонг (10 жилийн ялтай) нарыг суллуулах асуудлыг Ши Жиньпиний өмнө тавихыг Д.Трампад уриалжээ. Өмнө нь тавдугаар сард болсон Бээжингийн уулзалтын үеэр Д.Трамп пастор Эзра Жин Минриг суллуулж чадсан түүхтэй.
ТАТАР МАЙДАР







Гадаад




