Dark Light
Гадаад | 2026-11-29

ПУТИН УКРАИНЫ ДРОНЫ ЦОХИЛТЫН УЛМААС СИБИРЬ, АЛС ДОРНОДОД ГТБҮ БАРИХЫГ УРИАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Kremlin.ru

ОХУ-ын Европын болон төвийн бүсийн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд (ГТБҮ) Украины алсын тусгалтай дроны цохилтод удаа дараа өртөж, дотоодын шатахууны зах зээлд хүндрэл үүссэнтэй холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин Зүүн Сибирь болон Алс Дорнодод шинэ үйлдвэрүүд барихыг газрын тосны компаниудад уриаллаа.

2026 оны 11-р сарын 24-нд Түлш, эрчим хүчний салбарын хөгжлийн стратегийн комиссын хурал дээр Владимир Путин газрын тос, эрчим хүчний компаниудад хандан Сибирь болон Алс Дорнод бүс нутагт газрын тос боловсруулах, нефть-химийн үйл ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлэхийг уриалсан нь энэ юм.

Арваннэгдүгээр сарын 24-нд болсон Түлш, эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх комиссын хуралдаан дээр тэрээр дотоодын шатахууны зах зээлийн нөхцөл байдал “хүнд хэвээр байгааг” хүлээн зөвшөөрөөд, эх орны зүүн бүс нутагт газрын тос боловсруулах болон нефть химийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, стратегийн ач холбогдолтой энэ бүсийн аж үйлдвэрийн чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг мэдэгдсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Шадар сайд Александр Новак ч хэд хэдэн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан дотоодын түлшний зах зээлийн нөхцөл байдал “нэлээд хурцадмал” хэвээр байгааг онцолсон юм.

Цохилтын хохирол ба экспортын хоригийн сунгалт

  • Үйлдвэрүүдийн зогсолт: Украины дроны довтолгооны улмаас Москва болон төвийн бүсийг хангадаг Рязань, Нижний Новгород дахь “НОРСИ”, Ярославль дахь “ЯНОС”, Волгоград болон Ленинград мужийн Кириши зэрэг Оросын голлох газрын тос боловсруулах үйлдвэрүүд их хэмжээний хохирол амсаж, зарим нь үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ.

  • Онгоцны түлшний экспортын хоригийг сунгав:
    Дотоодын хомсдолоос сэргийлэхийн тулд Оросын Засгийн газар зургаадугаар сард тавьсан нисэх онгоцны түлшний экспортын хоригоо арваннэгдүгээр сарын 30-нд дуусгах байсныг ийнхүү Баасан гарагт сунгаж, 2027 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Михаил Мишустины гарын үсэг зурсан зарлигт “албан ёсны хэрэгцээнд” гэх гурван нэмэлт нөхцөл тусгагдсан бөгөөд энэ хориг нь засгийн газар хоорондын хэлэлцээр, цэргийн хангамж, хүмүүнлэгийн тусламжийн тээвэр, Казахстаны Байконурын сансрын буудал болон Норвегийн эрэг орчмын Шпицберген арлууд дахь Оросын үйл ажиллагаанд үл хамаарах аж. Үүнээс гадна автобензин, дизель түлшний гадаад нийлүүлэлтэд ч хяналт тогтоогоод байна.

  • АНУ-ын уриалгыг үл харгалзсан довтолгоо: В.Путин хуралдааны үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхгүй байхыг шууд хүссэн ч Киев уг уриалгыг үл харгалзан довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа тул эрчим хүчний бүх объектын хамгаалалтыг нэмэгдүүлж, хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.

Шинжээчдийн байр суурь: Зүүн тийш шилжүүлэх боломжтой юу?

Эдийн засаг, эрчим хүчний шинжээчдийн үзэж буйгаар одоо ажиллаж буй аварга үйлдвэрүүдийг шууд буулгаж нүүлгэх техникийн боломжгүй бөгөөд Алс Дорнод, Сибирьт цоо шинэ үйлдвэр барихад дор хаяж 5–7 жил, асар их хэмжээний хөрөнгө оруулалт, барууны хоригт орсон өндөр технологи шаардлагатай. Түүнчлэн Алс Дорнод руу түүхий нефть тээвэрлэдэг “Дорнод Сибирь–Номхон далай” хоолой аль хэдийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул зүүн бүсэд баригдсан ч шинэ үйлдвэрийн шатахууныг хүн ам шигүү суурьшсан Европын хэсэг рүү зөөвөрлөх нь тээврийн өндөр зардал дагуулна хэмээн шинжээчид дүгнэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08