Dark Light
Эдийн засаг | 2026-09-30

УЛААНБААТАРЫН НИСЭХ БУУДЛУУДЫГ ХОТТОЙ ХОЛБОХ "ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТӨСӨЛ ТОКИОД ЯРИГДЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан Mitsubishi корпорацийн Тээвэр, усны дэд бүтцийн газрын Ерөнхий менежер Нагамицү Наозүми тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ. Уулзалтаар талууд нийслэлийн агаарын тээвэр болон хотын нийтийн тээврийн салбарт урт хугацааны стратегийн шинэчлэл хийх хэд хэдэн мега төслийн санхүүжилт, хамтын ажиллагааны талаар чухал санал солилцсон байна.

Нисэх буудлуудыг холбосон хөнгөн галт тэрэг (MRT) ба хөрөнгө оруулалт

Уулзалтын гол өнцөг нь "Чингис хаан" болон "Буянт-Ухаа" нисэх буудлыг Улаанбаатар хотын төвтэй шууд холбох их багтаамжийн хөнгөн галт тэрэг (MRT)-ний төсөл байв. Салбарын сайдын зүгээс уг мега төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг хамтран судлах саналыг албан ёсоор дэвшүүлсэн бөгөөд “Мицубиши” корпорацийн зүгээс MRT төслийн санхүүгийн шийдлийг цаашид хамтран нарийвчлан судалж ажиллахаар санал нэгдэв.

"Буянт-Ухаа"-г дотоодын нислэгт ашиглах ба "Чингис хаан"-ы өргөтгөл

Талууд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлыг шуурхай эхлүүлэх бэлтгэлийг хамтран хангахаар тохиролцлоо. Түүнчлэн, олон улсын агаарын тээврийн ачаалал эрс өсөж буйтай холбогдуулан хуучин "Буянт-Ухаа" нисэх буудлыг дотоодын нислэгт дахин ашиглалтад оруулж, хоёр нисэх буудлын үйл ажиллагааны менежментийг уялдуулан зохион байгуулах боломжийг хэлэлцсэн байна.

Агаарын тээвэрлэгчдэд тулгарсан хямрал ба дундын гарц

Уулзалтын үеэр Б.Дэлгэрсайхан сайд цар тахлын дараах үр нөлөө, дэлхийн зах зээл дэх агаарын хөлгийн шатахууны үнийн өсөлт зэргээс шалтгаалан Монголын дотоодын авиа компаниудад санхүүгийн хүндрэл үүсээд байгааг онцоллоо. Тиймээс "Чингис хаан" нисэх буудлын үйлчилгээний төлбөр хураамжийг уян хатан, оновчтой байдлаар тогтоож, харилцан буулт хийх замаар дундын гарц олох байр суурийг илэрхийлэв.

“Мицубиши” корпорацийн удирдлагууд Монголын талын тавьсан саналуудыг анхааралтай судалж, "Буянт-Ухаа"-г идэвхжүүлэх, менежментийн хамтын ажиллагааг сайжруулах болон хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг харилцан ашигтайгаар шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа нотоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19