Оросын төмөр зам болон Хятадын төмөр зам хамтран 2020 оноос хойш түр зогсоогоод байсан зорчигч тээврийн шууд харилцааг дахин сэргээхээр боллоо. Ингэснээр олон улсын №3/4 дугаартай галт тэрэг ОХУ-ын Эрхүү хот, Монголын нийслэл Улаанбаатар болон БНХАУ-ын Бээжин хотуудыг шууд холбон зорчиж эхлэх юм.
Эхний ээлжийн галт тэрэг БНХАУ-аас арваннэгдүгээр сарын 25-нд, харин ОХУ-ын Эрхүү хотоос арваннэгдүгээр сарын 28-нд хөдөлнө.
Хөдөлгөөний хуваарь (Долоо хоногт нэг удаа, тухайн орон нутгийн цагаар):
-
Бээжингээс: Лхагва гараг бүрийн 07:27 цагт хөдөлж, Пүрэв гарагт Улаанбаатарт зогсох бөгөөд Баасан гарагийн 14:55 цагт Эрхүү хотод хүрнэ.
-
Эрхүүгээс: Бямба гараг бүрийн 06:58 цагт хөдөлж, Ням гарагт Улаанбаатарт зогсоод Даваа гарагийн 14:35 цагт Бээжинд очно.
Галт тэрэг замдаа Оросын Слюдянка, Улаан-Үд, Наушки өртөөнүүдээс гадна Монгол, Хятадын нутаг дэвсгэр дэх Дархан, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээн зэрэг хот, суурингуудад зогсолт хийх аж.
Тасалбарын борлуулалт ойрын хугацаанд эхлэх бөгөөд ОХУ болон Монголоос зорчих тасалбарыг Оросын төмөр замын билетийн кассаар, харин Хятадаас хөдлөх тасалбарыг тус улсын нутаг дэвсгэр дээрээс захиалан авах боломжтой байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



