Оросын тал Монголын банкуудад хоригийн эрсдэл үүсгэхгүйгээр төлбөр тооцоо хийх хувилбаруудыг санал болгож байна.
Оросын Холбооны Улс Монголын банкуудад эрсдэл учруулахгүйгээр харилцан төлбөр тооцоо хийх боломжит хувилбаруудыг Монголын талд санал болгожээ. Энэхүү санаачилгын гол зорилго нь хоёр орны бизнес эрхлэгчид болон жуулчдад мөнгөн хөрөнгөө чөлөөтэй авч явах, хууль ёсны дагуу шилжүүлэх, мөн дэлгүүр, зоогийн газруудад банкны картаар саадгүй төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.
Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдлээ.
Оросын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хэлэхдээ: "Одоогийн байдлаар Монголын түншүүд Оросын нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, эмнэлгийн хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүний төлбөрийг Америкийн зуучлагч банкуудаар дамжуулан хийж байна. Энэ нь АНУ-ын Сангийн яамны шийдвэрээс бүрэн хамааралтай байдаг. Бид Монголын банкны системд ямар нэгэн эрсдэл үүсгэхгүйгээр төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх хувилбаруудыг бүх түвшинд санал болгож байна" хэмээн онцолжээ.
Өнөөдөр Оросын банкны картууд Монголд ажиллахгүй байгаа нь манай улсад ирж буй жуулчдын дийлэнх хувийг эзэлдэг орос иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Өмнө нь 2025 онд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Гомбожавын Занданшатар Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Монголын эрх баригчид Оросын банкны салбарыг нээх зөвшөөрөл олгоход бэлэн байгааг мэдэгдэж байсан билээ.
Түүнчлэн Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Амар Банкны тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх үеэр гадаадын банкуудыг татахын тулд татварын бодлогыг эргэн харж, одоо үйлчилж буй хязгаарлалтуудыг зөөлрүүлэхийг УИХ-ын гишүүдэд уриалж байсан юм. Тус холбооны санал болгож буйгаар гадаадын банкууд нь дотоодын банкуудын хувьцааг худалдан авах, охин компани болон салбар байгуулах замаар Монголд үйл ажиллагаа явуулах боломжтой ажээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



