“Уул уурхайгаас хальж, хиймэл оюун ухаан, цахим статистик руу тэмүүлж буй Монгол Улсын хөгжлийн шинэ зураглал” гэсэн гарчигтай нийтлэл хөгжил, төрийн бодлого, тогтвортой байдал, засаглал, инноваци болон нийгмийн өөрчлөлтөд чиглэсэн, дэлхий нийтийг хамарсан мэдлэг, мэдээллийн Devdiscourse платформ дээр нийтлэгджээ.
Монгол Улс төрийн шийдвэр гаргалтыг сайжруулах, эдийн засгийн төлөвлөлтийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үндэсний статистикийн тогтолцоондоо томоохон шинэчлэл хийж байна. Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ), БНСУ-ын Өгөгдөл, статистикийн яам болон бусад хөгжлийн түншүүдтэй хамтран бэлтгэсэн “Монгол Улсын өгөгдлийн стратеги ба шилжилт: Алсын хараанаас бодит ажил хэрэг рүү” (2026 он) тайланд тус улс төрийн байгууллагуудын салангид мэдээллийн сангуудыг хэрхэн орчин үеийн нэгдсэн системээр сольж буйг онцолжээ. Мэдээллийн менежментийг сайжруулснаар төр засаг эдийн засгийн өөрчлөлтийг зөв ойлгож, төрийн үйлчилгээг чанаржуулан, бизнесийг дэмжиж, байгаль орчны сорилтуудад илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломж бүрдэж байгааг уг тайланд тайлбарласан байна.
САЛАНГИД МЭДЭЭЛЛИЙН САНГААС УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАЛТ РУУ
Олон жилийн турш Монгол Улсын төрийн байгууллагуудын мэдээлэл тус тусдаа тархай бутархай оршсоор ирсэн. Тухайлбал, 2022 онд төрийн 38 байгууллагад 75 тусдаа мэдээллийн сан бүртгэгдсэн нь мэдээлэл солилцох, нэгдсэн бүртгэл хөтлөх, үндэсний найдвартай статистик гаргахад хүндрэл учруулж, төрийн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байв.
Энэ бэрхшээлийг даван туулахын тулд Монгол Улс 2022 оны арванхоёрдугаар сард АХБ болон олон улсын түншүүдийн дэмжлэгтэйгээр статистикийн тогтолцоог орчин үеийн болгох томоохон хөтөлбөрийг эхлүүлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд өгөгдлийн засаглал, мэдээллийн нэгдсэн стандарт болон төрийн байгууллагуудыг холбох цахим системүүдийг нэвтрүүлсэн байна. 2026 оны долдугаар сарын байдлаар мета өгөгдлийн нэгдсэн санд төрийн 43 байгууллагын 129 өгөгдлийн багц, 812 хүснэгт, 12,046 үзүүлэлт, 2,720 ангилал төвлөрч, есөн байгууллагын 12 мэдээллийн санг холбосон туршилтын нэгдсэн систем амжилттай ажиллаж эхэлжээ. Түүнчлэн албан ёсны статистикийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан STAT GPT чатботыг нэвтрүүлсэн байна.
ЦАХИМ ТООЛЛОГО ЗАРДЛЫГ БУУРУУЛЖ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ
Цахим бүртгэл төрийн зардлыг хэрхэн хэмнэж чаддагийг харуулсан хамгийн тод жишээ нь 2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллого байлаа. Уламжлалт өрхийн судалгаанд найдахын оронд төрийн 14 байгууллагын 29 мэдээллийн санд байгаа бэлэн өгөгдлийг ашигласнаар тооллогын зардлыг 55 хувиар буюу 2020 онд дөрвөн тэрбум төгрөг байсныг 2025 онд 1.8 тэрбум төгрөг болтол бууруулж чаджээ. Мөн тоологчдын тоо 2,478 байснаас ердөө 269 болж эрс цөөрсөн байна.
Үүнээс гадна Монгол Улс төрийн бүртгэлүүдийг цэгцлэх, дүн шинжилгээ хийх зорилгоор Захиргааны мэдээллийн удирдлагын системийг хөгжүүлсэн бөгөөд 2026 оны долдугаар сарын байдлаар зургаан байгууллагын 14.56 сая гаруй бүртгэлийг багтаажээ. Цаашид тус системд 43 байгууллагын 433 үзүүлэлтийг нэгтгэхээр төлөвлөсөн байна. Мөн Аж ахуйн нэгжийн статистикийн бүртгэлийн санг шинэчилснээр шинээр гарч ирж буй салбаруудыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлагыг хянах, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулах боломж нэмэгдсэн аж.
УУЛ УУРХАЙН ХАРААТ БАЙДАЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ ЦЭГ
Цахим шинэчлэлээс гадна уг тайланд Монголын эдийн засгийн бүтэц, байгалийн баялгаас хараат байдлын талаарх чухал тоо баримтуудыг дэлгэжээ. 2024 оны Нөөц, ашиглалтын хүснэгтээс харахад нийт бараа, үйлчилгээний нийлүүлэлт 237.8 их наяд төгрөгт хүрсэн нь 2019 оны түвшнээс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Үүний 173.3 их наяд төгрөгийг дотоодын үйлдвэрлэл, 56.3 их наяд төгрөгийг импорт бүрдүүлжээ.
Гэвч дотоодын үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбарын эзлэх хувь 2019 онд 26 хувь байсан бол 2024 онд 28 хувь болж өссөн бол хөдөө аж ахуйн салбарынх есөн хувиас таван хувь, боловсруулах үйлдвэрлэлийнх 13 хувиас 10 хувь болж тус тус буурсан байна. Нийт экспортын 49 хувийг зөвхөн нүүрс, түүхий нефть бүрдүүлж байгаа нь дэлхийн зах зээлийн эрэлт, үнийн савлагаанд Монголын эдийн засаг хэт эмзэг байгааг харуулж байна. Мөн 2024 оны 15.7 тэрбум ам.долларын экспортын талаас илүү хувь нь уламжлалт түүхий эдийн худалдаа байсан тул дотооддоо боловсруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээх өргөн боломж байгааг тайланд онцолжээ.
ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ БА БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨГӨГДӨЛ
Монгол Улсын цахим эдийн засаг хөгжиж байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх хувь нь харьцангуй бага хэвээр байна. Туршилтын тооцооллоор цахим салбар 2015–2019 оны хооронд ДНБ-ий 1.5–1.8 орчим хувийг бүрдүүлж байсан бөгөөд харилцаа холбоо хамгийн том хувийг эзэлж, программ хангамж, холбогдох үйлчилгээний салбар хамгийн хурдтай өсжээ. Гэвч уул уурхай болон бусад салбарууд илүү хурдацтай тэлснээр дижитал эдийн засгийн ДНБ-д эзлэх хувь бага зэрэг буурсан байна.
Байгаль орчны тогтвортой байдал бол бас нэгэн тулгамдсан асуудал юм. Монголын ДНБ-ий 82 орчим хувь нь байгалиас шууд болон шууд бусаар хамааралтай үйл ажиллагаатай холбоотой тул урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад байгаль орчныг хамгаалах нь нэн чухал аж. Хиймэл дагуулын зураглал ашиглан гаргасан газрын бүрхэвчийн тооцооллоор 2022 онд Монголын нийт нутаг дэвсгэрийн 42 хувь буюу 66.4 сая га талбай нь нүцгэн, элэгдэлд орсон газар болсныг тогтоожээ.
Ирээдүйд чиглэсэн 2026–2030 оны статистикийн стратеги нь өгөгдлийн чанарыг сайжруулах, цахим дэд бүтцийг бэхжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, институцийн чадавхыг өргөжүүлэхэд төвлөрч байна. Өнөөдрийн байдлаар төрийн 1,000 гаруй албан хаагч энэхүү шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд сургалтад хамрагдаад байгаа бөгөөд найдвартай статистик нь үр дүнтэй засаглал, тогтвортой эдийн засгийн өсөлтийн суурь болж буйг АХБ-ны тайланд дүгнэсэн байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



