Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК алсын зайн нислэг үйлдэх хүчин чадалтай, өргөн их биетэй “Boeing 787-9” загварын таван агаарын хөлөг авах боломжийг судалж байна.
Энэ нь тус компанийн агаарын хөлгийн паркаа өргөжүүлэх, техникийн аюулгүй байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Энэ хүрээнд МИАТ компани “Боинг” (Boeing) компанитай онгоц нийлүүлэх хуваарь, санхүүжилт болон бусад нөхцөлийн талаар санал солилцож байгаа бөгөөд уг асуудал одоогоор судалгаа, хэлэлцээрийн шатандаа явж байна.
“DAE” компанитай хамтран онгоц түрээслэнэ
Шинэ “Boeing 737-8 MAX” загварын агаарын хөлгийг шууд худалдан авахгүй, харин агаарын хөлөг түрээслэгч “DAE” компанитай хамтран түрээсийн нөхцөлөөр авах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь “МИАТ” ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулах, агаарын хөлгийн паркийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Тус компани шинэ үеийн “Boeing 737-8 MAX” хөлгөөр ойрын болон дунд зайн нислэгийн хүчин чадлаа нэмэгдүүлээд байгаа бол үүний зэрэгцээ алсын зайн нислэгийн паркаа өргөжүүлэх хувилбаруудыг ийнхүү судалж байна. МИАТ олон улсын агаарын тээврийн зах зээл дэх өрсөлдөх чадвараа бэхжүүлэх, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор парк шинэчлэлийн бодлогоо үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг



