БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт Сөүл хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Сайд нар өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлуудыг дүгнэж, хоёр орны ард түмний амьдралд бодит үр өгөөж өгөх хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байна.
Сайд Чо Хён 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчилснаас хойш 10 жилийн дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНСУ-д албан ёсоор айлчилж буйг халуун дотноор угтан авлаа. Тэрбээр энэ онд хоёр орны төрийн тэргүүн нарын зарласан “Монгол-Солонгосын алтан үе”-ийг бат бөх урагшлуулахын тулд стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг уриалсан байна.
Сайд Чо хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA)-ийг байгуулах ажлыг хурдасгах, баялаг ихтэй Монгол Улстай хамтран байгуулсан Газрын ховор металлын төвийг (2025 оны 12-р сард нээгдсэн) түшиглэн стратегийн ашигт малтмалын бүх шатны хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Монголын бүсчилсэн хөгжилд чиглэсэн хот байгуулалтын чиглэлээр нягт хамтран ажиллахыг санал болгоод, Монголд үйл ажиллагаа явуулж буй Солонгосын аж ахуйн нэгжүүдийг дэмжихийг хүслээ.
Харин сайд Б.Батцэцэг дэвшилтэт технологи, арвин туршлагатай БНСУ нь Монгол Улсын хувьд нэн чухал түнш гэдгийг онцлоод, Монгол Улсын Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих төсөл тэргүүтэй эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанаас гадна хиймэл оюун ухаан (AI), дижитал шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэлээр ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Солонгосын компаниудыг Монголд хөрөнгө оруулахад бүх талаар дэмжихээ мэдэгдэв.
Талууд өнгөрсөн онд хоёр орны иргэдийн харилцан зорчсон тоо 360 мянгад хүрч, түүхэн дээд амжилт тогтоосныг сайшаагаад, иргэд хоорондын солилцоог цаашид ч нэмэгдүүлэх эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцлоо. Ялангуяа сайд Б.Батцэцэг өнөөдөр Монгол-Солонгосын Консулын конвенцод гарын үсэг зурсныг онцгойлон сайшаав. Энэхүү конвенцын дагуу нэг улсын иргэн нөгөө улсын нутаг дэвсгэрт баривчлагдах, саатуулагдах зэргээр эрх чөлөө нь хязгаарлагдсан тохиолдолд тухайн улс нь иргэний харьяалах улсад нэн даруй мэдэгдэх, мөн консулын ажилтан уулзах хүсэлт гаргавал зохион байгуулах үүрэг хүлээх юм. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сарын дээд хэмжээний уулзалтаар жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсны дараа саяхан буюу 10 дугаар сарын 29-нөөс хоёр орны иргэд нөгөө улсдаа өөрийн эх хэлээр жолооны шалгалт өгөх журам хэрэгжиж эхэлсэн зэрэг иргэдэд шууд хүрсэн бодит үр дүнгүүд гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Үүнээс гадна хоёр сайд Монголд орчин үеийн анагаах ухааныг дэлгэрүүлэхийн зэрэгцээ Солонгосын тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан, энэ онд таалал төгссөний нь 105 жилийн ой тохиож буй И Тэ Жүний дурсгалыг хүндэтгэх ажиллагаа (долдугаар сард түүний дурсгалын цогцолборыг хадгалж хамгаалах санамж бичиг байгуулсан) зэрэг түүх, соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлэхээр тогтсон байна.
Төгсгөлд нь сайд Чо Хён Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох БНСУ-ын Засгийн газрын хүчин чармайлтыг Монголын тал тууштай дэмжиж байхыг хүссэн бол сайд Б.Батцэцэг Солонгосын хойг төдийгүй бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
ТАТАР МАЙДАР






Улс төр



