Dark Light
Нийгэм | 2020-12-11

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 7 гишүүний 6-г нь томилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, М.Уянга, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Ц.Цоодол нарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд “МҮОНРТ хараат бусаар ажиллах үндсэн зарчимтай. Ерөнхийлөгч түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр мэргэжсэн хүнийг нэр дэвшүүлнэ гэж хуульд заасан байдаг. Ерөнхийлөгч Ж.Цэсэн гэдэг хүнийг нэр дэвшүүлж байгаа юм байна. Ж.Цэсэн та соёл урлагийн салбарт ямар ажил хийж байсан бэ. УИХ-аас эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэжсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой. Гэтэл УИХ-аас нэр дэвшүүлсэн хүмүүс дандаа сэтгүүл зүйн чиглэлийн хүмүүс байна

Нэр дэвшигч Б.Ганболд хэвлэл мэдээллийн салбарын хүн. Ялангуяа эрх баригч намын кадрт, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан хүн. Энэ хүн УИХ-ын гишүүн, МҮОНРТ-ийн дарга байсан. Нас нэлээн өндөр болчихсон энэ хүн дахиад яагаад нэр дэвшиж байгаа юм бэ. Б.Ганболд та настай хүн байж залуусдаа боломж олгодоггүй юм уу” гэсэн асуултыг нэр дэвшигчдээс асуулаа. 

Ж.Цэсэн “Би утга зохиол судлалын магистрын зэрэгтэй. Одоогоор Үндэсний батлах хамгаалах их сургуулийн Үндэсний аюулгүй байдал судлалын докторантад суралцаж байна. Мэдээллийн аюулгүй байдал сэдвээр докторын ажлын судалгаа хийж байна” гэж хариуллаа. 

Харин нэр дэвшигч Б.Ганболд “Би олон газар ажиллаж байсан. Хуулийн дагуу л бүх юм явагдсан. Олон нийтийн радио телевизийн тухай хуульд зааснаар Үндэсний зөвлөлийн гишүүнд насны хязгаар байдаггүй. Заавал хүн залуу хүн ажиллана гэсэн заалт байхгүй. Би 65 настай нь үнэн. Гэхдээ 65 настай гээд тэнд орохыг хориглоогүй. Би тэнд ажиллаж байсан туршлагатай учраас хамт олондоо тус болно гэж бодож байна” гэлээ. 

Дээрх асуулт, хариултын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшигч Ч.Батцэнгэлд нэрээ татахыг санал болгов.

Тэрбээр “МҮОНРТ-ийн хамт олноос тавьж байгаа шаардлагыг УИХ харгалзан үзэх ёстой. Тиймээс нэр дэвшигч Ч.Батцэнгэлээс ажиллаж байсан хамт олныхоо шаардлага болон УИХ-ын гишүүдийн саналыг харгалсан үзээд нэрээ татах саналыг дэвшүүлж байна” гэв. 

УИХ-ын даргын энэхүү саналыг нэр дэвшигч Ч.Батцэнгэл хүлээн авч буйгаа илэрхийлснээр Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Ийнхүү МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, М.Уянга, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Ц.Цоодол нарын зургаан хүнийг томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22