Засгийн газраас гэр хорооллын айл өрхийг “түрээслээд өмчлөх” хэлбэрээр орон сууцжуулах хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн талаар “Нийслэлийн орон сууцны корпорац”-ын гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч С.ДОРЖДЭРЭМТЭЙ ярилцлаа.
-Танай байгууллага иргэдийг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-“Нийслэлийн орон сууцны корпорац” нь нийслэлийн өмчит, хаалттай хувьцаат компани гэсэн статустайгаар, Монгол Улсад мөрдөж байгаа Компанийн тухай болон бусад хууль, дүрэм журам, нийслэлийн ИТХ, компанийн ТУЗөөс гаргасан шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотыг нэг төвтөөс олон төвтэй болгохын тулд шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох, газрыг шинэчлэн зохион байгуулах, түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг хөгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Энэ хүрээнд өнгөрсөн оноос эхэлсэн “түрээслээд өмчлөх” хэлбэрийн орон сууцны бодлогыг дэмжих, хэрэгжүүлэхийн тулд энгийн болон зорилтот бүлгийн иргэдэд олгох орон сууцны тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “COVID-19” цар тахлын үед “галын шугам”-д ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний ажилтан, ажиллагсдыг орон сууцаар хангахын төлөө, Мэдээллийн сан бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Ерөнхийдөө нийслэлийн орон сууц, иргэдтэй холбоотой ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж байна гэж хэлж болно.
-“Түрээслээд өмчлөх” хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт иргэд ам сайтай байдаг юм билээ. Энэ хөтөлбөрийг ямар зарчмаар хэрэгжүүлж байна вэ?
-Өнгөрсөн оноос манай компанийн санаачилга, оролцоотойгоор энэ ажлыг эхлүүлсэн. Үүний анхдагчид нь “БуянтУхаа-2” хорооллын иргэд байлаа. Тухайлбал, та 50 метр талбайтай хоёр өрөө орон сууцыг 60 сая төгрөгөөр авлаа гэж бодъё. Тэгвэл та 15 жил буюу 180 сардаа хуваахад сар бүр 330 мянган төгрөг төлнө. Түүний хүү болох зургаан хувийг нийслэлээс даана гэж ойлгож болно. Энэ нь зөвхөн “түрээслээд өмчлөх” хэлбэрээр орон сууцны хөтөлбөрт хамрагдсан иргэнд л хамааралтайг тодотгох ёстой байх. Энэ хэлбэрийн орон сууцны хөтөлбөрийн давуу талыг ипотекийн зээлтэй харьцуулж тайлбарлахыг хичээе. Ипотекийн зээлд хамрагдах иргэн банкнаас тавьсан харьцангуй өндөр шалгуурыг хангах, урьдчилгаа 30 хувийг бүрдүүлсэн байх шаардлагатай байдаг. Харин төрийн албан хаагчдад боломжоор байр олгох хэлбэр нь урьдчилгаа шаардахгүй, 15 хүртэл жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаас гадна иргэн өөрийн орлогод нийцсэн талбайтай орон сууцыг сонирхсон газартаа сонгож болохоороо давуу талтай. Тухайн сонголтод боломжийг нэмэгдүүлэх үүднээс Яармагийн дэнжид орон сууцны хороолол барьж байгааг ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоогийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, зээл авах төрийн албан хаагчийн сонгосон байр нь өмнө ашиглагдаж байгаагүй, гэрчилгээг хувь хүний нэрээр гаргасан байх ёсгүй. Энэ бол хөтөлбөрийн нэг гол шалгуур гэж хэлж болно. Төлбөрийн хувьд иргэн нь гэрээний хугацаанд байрныхаа үнийн хэдэн хувийг төлж барагдуулах, урьдчилаад 100 хувь төлөх зэрэг сонголттой байх юм. Мөн гэрээнд заасан төлбөрийн нөхцөлөө өөрчлөх, жишээ нь, явцын дунд орлого нь өсвөл сард төлөх төлбөрөө нэмэгдүүлэх боломжтой. Бас гэрээ хийсэн 15 жил ч байдаг юм уу, тэр хугацаанд байрны зээлийнхээ 50 хувийг барагдуулчихаад үлдсэнийг нь ипотекийн зээлийн журмаар төлсөн ч болно. Ямартай ч иргэндээ аль болох дарамт учруулахгүй байх нь тухайн хөтөлбөрийн гол зорилго юм.
-Одоо манай улсад тархаад байгаа “COVID-19” вирусийн цар тахлын үед биечлэн ажиллаж буй төрийн болон эмнэлэг, үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдад орон сууц олгох, зээлд хамрагдах батламж гардуулсан. Энэ ажлын явц ямар байгаа вэ?
-УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сард цар тахалтай холбоотой, түүнээс урьдчилан сэргийлэх, зарим үйл ажиллагааг зохиох байгуулах тухай хууль, үүнийг дагаж УИХ-ын 32 дугаар, Засгийн газрын 185 дугаар тогтоолыг гаргасан. Үүнд “COVID-19”-ийн цар тахлын үед биечлэн ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг орон сууцаар хангах тухай заасан байдаг. Түүний санхүүжилтийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэлбэрээр, Монголбанкнаас олгож байгаа юм. Иргэдийг бүртгэх, орлогыг тооцох, сонгосон байрыг нь бүртгэлжүүлэх, гэрчилгээг олгож баталгаажуулах, орон сууцанд нь оруулах, ашиглалтыг хариуцуулах, Орон сууцны мэдээллийн сан бүрдүүлж, иргэдэд санал болгох зэрэг ажлыг бид хариуцаж байна. Монголбанкнаас 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үнэт цаасыг эхний ээлжид гаргасан. Өнөөдрийн байдлаар 870 орчим иргэн байр сууцаа сонгож, гэрээ байгуулснаас 500 гаруй нь шинэ орон сууцандаа орчихоод байна. Бусад нь одоохондоо хүлээгдэж байгаа юм.
-Санхүүжилтийг нь шийдээд байр, орон сууц хангалттай байхад яагаад хүлээгдэж байгаа юм бэ. Гол шалтгаан нь юу байна вэ?
–Юуны өмнө “COVID-19” вирусийн халдвар дотоодод алдагдсантай холбогдон нэг сар гаруй хугацаанд ажил зогссон байсан. Хатуу хөл хориог цуцалснаас хойш ажил идэвхжиж, одоогоор 300 айл өрх байрандаа орчихоод байна. Хэдийгээр зах зээлд бэлэн болчихсон орон сууц цөөнгүй байгаа ч төрийн албан хаагчийн орлогод төдий л нийцэхгүй, талбайн хэмжээ нь том байдаг. Тэдний сарын цалингийн татварын дараах орлогын 45 хувийг зээлийн төлбөрт суутгах журамтай. Иргэн хотын төвийн зургаан дүүрэгт байршилтай, Улсын комисс хүлээж авсан, хотын стандарт нормыг хангаж байгаа орон сууцнаас сонголтоо хийх ёстой.
-Иргэн өөрийн орлогод тохируулан хэд хүртэл төгрөгийн зээл авах боломжтой вэ. Энэ нь хүссэнд нь хүрэхгүй бол яах вэ?
-Нэг айл өрх 90 сая хүртэл төгрөгийн зээлд хамрагдах боломжтой. Таны сонгосон байрны талбай нь том, үнэ нь үүнээс давсан тохиолдолд зөрүү мөнгийг нь өөрөө төлөх буюу урьдчилгаа маягаар банканд тушааж болно. Эдгээр нь нэг талаас иргэнээ дэмжих, нөгөө талаар цар тахлын үед зогсонги байдалд орсон барилгын болон үйлчилгээний бусад салбарыг дэмжиж буй хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг цаашид улам боловсронгуй болгож хөгжүүлэх, зорилтот бүлгүүд рүү чиглэсэн хэлбэрийг нь бусад салбар, арга хэмжээнд ч ашиглаж болох юм гэж бид үнэлж байгаа.
-“НОСК”-д санал хүсэлтээ гаргаад удаж байна. Хөтөлбөрт хамрагдаж чадахгүй юм” гэх гомдол санал цөөнгүй байдаг юм билээ. Зорилтот бүлгийн иргэдийг ямар байдлаар сонгон шалгаруулдаг вэ?
-Өмнө нь иргэн, төрийн байгууллагын хооронд бичиг цаасны харилцаа их байсан. Одоо эдгээрийг цэгцэлж, эрэмбэлэхэд маш хүндрэлтэй. Тиймээс бүх зүйлийг цахимжуулахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан. Энэ журмаар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохицуулж байна. Уг журамд иргэдэд тавих шалгуур, тэднийг дарааллын дагуу эрэмбэлж журамлах нөхцөл шаардлагыг тодорхой заасан байдаг. Үүний дотор орон сууц хүсэгчийн мэдээллийг цахим санд байршуулах, түүнийг баяжуулан шинэчилж байхаар тусгасан. Эдгээрийг нь үндэслэн БХБ-ын сайдын 26 дугаар тушаал ёсоор зорилтот бүлгийн иргэдийг найм ангилсан байна. Ангилал тус бүрд хамрагдаж буй хүн ам, айл өрхийн тоог харгалзаж, орон сууцны квот олгодог. Жишээ нь, тэтгэврээ тогтоолгосон ахмад настнуудад 15 хувийн квот олгоно гэх мэтчилэн. Улмаар ангилал тус бүрд тавигдах шаардлага нь өөр байдаг. Гэхдээ нийтлэг шаардлага бас бий. Жишээ нь, нийслэлийн байнгын оршин суугч, гэрийн хороололд амьдардаг, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй, өмнө нь орон сууц авч байгаагүй зэрэг шалгуур тавьсан. Цаашлаад иргэдийг нас, улсад ажилласан жил, сар, өдөр, гавьяа шагнал гээд нарийвчлаад явчихна. Бусад ангиллын иргэнд ч ийм шалгуурыг тавиад бүртгэл, хууль хүчнийхэн, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөллийг байлцуулан нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, олон нийтэд ил тод мэдээлсэн нь харьцангуй шударга болсон гэж үнэлсэн. Дараа дараагийн сонгон шалгаруулалт, хуваарилалтыг ч ийм маягаар хийнэ. Тиймээс зорилтот бүлгийн иргэд ямар нэг байдлаар өөрийгөө шалгуурт тэнцэхгүй байна гэж л ойлгох хэрэгтэй.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
АДМИН








Нийгэм





