Хатан Туултайгаа байх уу, хатсан Туултай үлдэх үү? гэдэг монгол бөх, кунфугийн халз тулаан болж байна. Хятад ажилчид, хятад мөнгө, хятад цемент сүүлдээ Хятадын соёлын хувьсгалын үеийн улаан хамгаалагчдын хойд дүрүүд Монголд амиллаа. Хатан Туулыг хатсан Туул болгохгүй гэсэн баталгаа чинь хаана байна гэж асуусан иргэдээ Улаанбаатарын дарга нь улаан хамгаалагчдын ахлагч болж хорооны хөгшдийг дайчлаад гэрийнх нь гадаа ирж орилох нь Хятадын соёлын хувьсгалын монголжсон хувилбар юм уу? Өөр бодолтой хүнийг гэрээс нь чирч гаргаж ирээд, шившиглэж гутаадаг Хятадын соёлын хувьсгалын сүнс эрх чөлөөт Монгол Улсад энэ цаг дор амилах уу? Усны газар нь батлаагүй юм бол усны газраар яах юм бэ? Усны нөөцийн зөвлөлийн эрдэмтэд нь ч үзэж чадаагүй зураг биш сурагт чинь хүчээр итгэж, хүслийг чинь дагаж бөхийх үү? Усан дотор, газар дээр 300 том багана барих нь ундны ус ширгээхгүй гэх эрдэмтдийн дүгнэлт чинь хаана байна? Голоо хамгаалъя гэсэн эмэгтэйг олигархи гэж хочлоод, барьсан цаасыг нь урахаар Туул ширгэхгүй болчих юм уу? Бүхнийг гол гаргаж болно гэхэд голыг хэн ч гол гаргаж болдоггүйг дэлбэ болсон Сэлбэ бид өөрсдөө харж байна. Түлш шатахууны үнэ хөөсөрч, төмөр, цемент, цалин хөлс бүгд өсөж байхад гурван өөр нэртэй, гурван өөр зүстэй, нэг ч ажилчингүй хятад компанид 2,3 их наядыг төлөх нь өгөөжөө өгөх, цагаа олсон төсөл гэж итгэе гээд ч итгэх арга алга. Нэг км-ийг нь 70 тэрбум, 10 см-ийг 70 саяар дэлхийд байхгүй үнэ өртөгтэй замд үрж зарахын оронд 300 мегаваттын шинэ дулааны цахилгаан станц, 200 сургууль барина. “Мөнхдаатгал” гэдэг компанийн бичгээр 500 тэрбумыг шилжүүлсэн банкны баталгаа, санхүүгийн хэрэгслийг орлохгүй. Түгжрэлийг тэгээд 10, 15, 34 хэдэн хувиар бууруулахын чинь янз бүрийн тооны чинь яг аль нь юм бэ? Гол дээгүүр баруунаас зүүнд 32 км гүүр зам тавилаа гээд хотын төвийн түгжрэл тагжрал татрахгүй. Том төсөл үргэлж л гацаж царцаж, үнэ өртөг нь өсдөг жишгээр, өнөөдөр түлш шатахуун, зардал чирэгдэл бүгд нэмэгдэж байхад балгах усгүй дээрээ өрөнд баригдаад үлдэхгүй гэх баталгаа бол үзэгдэхгүй, харагдахгүй байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд газар дээр замынхаа цас мөсийг хусаж чаддаггүй оронд агаарын замыг гулгаагүй арчилж, масло тосыг нь унагахгүй арга чарга нь юу вэ? Дэлхийн байгаль хамгаалагч 84 орны 10 мянган хүн Улаанбаатарт цуглахад дэлхийн шившиг болж, тэрбум мод тарихаа болиод, тэрбумыг тайрах үзүүлэн тоглолт хийх юм уу? Эрх чөлөөт иргэдээ, хууль тогтоох дээд байгууллагаа гараад ир үзье, зодчихоорой гэж өдөөн хатгаад байсан. Ардчилсан оронд иргэдийн төлөөлөгч нь иргэдээ өөр бодолтой байсных нь төлөө алан хядагч гэж нэрлэдэггүй, хороогоор дамжуулж улаан хамгаалагч цуглуулаад буллидэж сүрдүүлдэггүй юм. Итгэхгүй, эргэлзсэн иргэнээ шившиглэнэ, асуусан сэтгүүлчдийг доромжилно, хууль тогтоох дээд байгууллагаа ярилцъя гэхээр байсхийгээд жорлон орно. Идсэн уусан нь шингэхгүй ордонд хүндрээд алга болно. Гараад ир үзье гэсэн, ганц ганцаараа бол явахгүй юм байна. Кунфу бол бүжиг. Үндэсний бөх бол бодит тулаан. Шилдэж татахын төдийд бөгсөөрөө суух байсан юм гараад ир үзье гэх ямаан омгоор яах вэ дээ. Гарын аясаар өнхөрч унаад, хулхи кунфу кино шиг нислээ гээд ч яах вэ.
Онон, Хэрлэн, Туулын гурван голын монголчууд, Тоорил хаанд булган дах өргөсөн, Тэмүүжин Жамух хоёрын алтан бүс олдсон, хүлэг баатруудын уухайн дуу хадаж асан, түүхт хар шугуйг хятад ажилчид хядаж, хиртэй хувцсаа өлгөж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм




