Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын долоодугаар тойргийн сүүлийн хагас барилдаанд АПУ - Скайтел ХХК-ийн “АПУ, СКАЙТЕЛ” баг Од групп-ийн “ОД ГРУПП” багтай учраа тааран барилдсанаа “АПУ - Скайтел” баг 14:11-ээр ээлжит ялалтаа авч, шигшээ 4 багийн нэгээр шалгарч үлдлээ.
“АПУ - Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, нийт 14 даваа авсан бол Од групп багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Д.Хүдэрбулга /3/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Г.Ганхуяг /1/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /3/, аймгийн арслан Х.Наранбаяр /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /0/, нийт 11 даваа авсан юм.
АПУ - Скайтел багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Од группийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн нар ажиллав.
Алсын жим ХХК-ийн "ХАМАГ МОНГОЛ" баг, Хэрэйд ХХК-ийн "ХҮЛЭГҮ" багтай учраа тааран барилдсанаас Хамаг Монгол баг 20:5-аар ээлжит ялалтаа авч, шигшээ 4 багийн нэгээр шалгарч үлдлээ.
Хамаг Монгол багт улсын заан Б.Бат-Өлзий /4/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /1/, улсын харцага О.Наранбаатар /5/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /0/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/ нар нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Б.Серик /2/, аймгийн арслан Е.Көптилек /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /1/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/ нар бүрэлдэхүүн дутуу барилдаж нийт 5 даваа авсан юм.
Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Бат-Өлзий, Хүлэгү багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 04-ний 13:00 цагаас Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





