Төрийн үйлчилгээний ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, аймаг, салбарын ҮЭ-ийн дарга нарын хамт ХНХ-ын сайд А.Ариунзаяатай өнөөдөр /2021.12.21/ уулзаж санал бодлоо солилцов.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат их хурлаас гаргасан шийдвэр, хөгжлийн хөтөлбөрийн талаар танилцуулаад нийгмийн түншлэлийг сайжруулах, нийгмийн даатгалын шинэчлэл хийх, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуй, бүх нийтийн биеийн тамир гэх мэт асуудалд үүрэг оролцоотой байх боломжтой гэлээ.
Тэрээр: "Төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааны асуудлыг энэ ондоо багтааж шийдье. Эдгээр ажилтнуудын цалин, нийгмийн хамгаалал ирэх онд зөвхөн хасагдахгүй, цаашид ч хэвээр байлгахыг бид хүсч байгаа юм.
Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хорооноос дээрх чиглэлээр УИХ, Засгийн газарт шаардлага өгсөн. Цаашид нийгмийн түншлэлийн механизмд тулгуурлан ийм шийдвэр гаргахгүй бол ойлголцохгүй байх магадлалтай. Тодорхой үе шаттай шийднэ гэж юуг хэлээд байгаа юм, төрийн албаны шинэчлэлийг нийтээр нь авч үзэх хэрэгтэй.
ҮЭ-ийн байгууллага бүх зүйлийг эсэргүүцээд суух биш. Ойлголцох, зөв гарц гаргалгааг хайх хэрэгтэй байна. Хувийн хэвшлийнхэн ч бэлэн бус байдалтай байна. Сүүлийн үед үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн, сонгуультныг гүтгэх, хууль хүчний байгууллагаар шалгуулах зэрэг зохисгүй явдал гарч байна. Бид Олон улсын болон Хүний эрхийн байгууллага, хууль хүчний байгууллагад хандана гэв.
Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх буюу 2025 он гэхэд цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх бололцоог хайх, нийгмийн түншлэлийг бүх түвшинд хөгжүүлэх, Төрийн бодлоготой уялдан хурдтай, мэдрэмжтэй хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг энэ үеэр илэрхийллээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Миний хувьд Германд 8 жил ажиллаж амьдарсан. Хамтын ажиллагаа, Нийгмийн түншлэл чухал, ҮЭ-тэй хамтарсан ажил ямар түвшинд байдаг гэдгийг мэддэг учраас Монгол улсад ҮЭ илүү хүчтэй, илүү бэхжиж, хөгжөөсэй гэсэн чин хүсэлтэй.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид маш олон хэлэлцээр, уулзалт, ажлын ард гарсан байна. Сүүлд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ажлын байрны болон бэлгийн дарамтын тухай ойлголтыг өгөх заавар баталсан. Үүнийг байгууллага бүр дотоод журамдаа оруулах хуультай.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, хөтөлбөрүүдэд ч Ажил олгогч, ҮЭ илүү хяналт тавьж байна. Залуусыг ажилд зуучлах, мэдлэг мэдээлэл олгоход ҮЭ хамтрах санал ирдэг. Бид сайн ойлголцож, зөв шийдвэр гаргахад нягт хамтрах ёстой. Төрийн алба цомхон, чадварлах байх ёстой гэдэг ч яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүнд. Хэрхэн яаж, зөв хийх талаар олон улсын жишээг хардаг.
Төр бусдад шилжүүлэх боломжтой ажлыг үе шаттай хийх ёстой юм байна. Төрийн алба нэг дор төвлөрч нэг үйлчилгээ явуулдаг туршлага гадныханд бий. Орон нутагт сайн дурын үндсэн дээр зарим асуудлыг шийдсэн байна. Ажлын цагаар манаач ажиллуулахын оронд шөнийн цагаар хамгаалалтын компани ажиллуулдаг. Үүнийг улс даяар хэрэгжүүлэх тухай яригдаж байна.
Энэ жилийн хувьд төрийн ажилтан, албан хаагчдын төсөв хөрөнгө тавигдсан. Одоогоор шууд хохироосон явдал байхгүй. ТҮ-1-3 ажилтнуудын хувьд шилжүүлэх албан ёсны шийдвэр гараагүй. Зөвхөн 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс Орон нутгийн нэгжийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой төсөв нь орон нутагтаа шилжсэн.
Танай албан бичигтэй танилцсан. Хариуг шуудангаар илгээсэн. Үл ойлголцол гаргаж байгаа ганц нэг аймагт чиглэл хүргүүлэх асуудал яригдаж байна. Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэгдсэний дараа мэдэгдье гэлээ.
Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ц.Ганболд: Цаг зав гарган уулзаж байгаа Сайдад баярлалаа. Уулзсан дээрээ хэд хэдэн санал тавъя. Нэгд, хөдөө орон нутагт амьдрал үнэхээр хүнд байна. Бараан бүтээгдэхүүн, бензин шатахууны үнэ огцом өсч байна. Энэ бүхэн иргэдийн амьдралд үнэхээр хүнд цохилт болж байна.
Хоёрт, Хөвсгөл аймагт Ерөнхий боловсролын 800, СӨБ 408, эрүүл мэндийн 1 мянга, соёл урлагийн 60 хүний ажлын байрны асуудал хөндөгдөж байна. Эдгээр хүмүүс асар их сэтгэлзүйн дарамтад орсон. Бүтцийн өөрчлөлт хийх талаар Сангийн яамнаас сургалт хийхдээ тооцоолол гаргасан.
Маргааш Засгийн газрын хурал болно. Танаас хүсэх юм байна. 2003 оны 233 дугаар тогтоолыг хүчингүй болгож өг. Мөн энэ бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг зогсоож өгөхийг хүсч байна.
МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Ариунзаяа сайд таныг нийгмийн түншүүдтэйгээ сайн ойлголцдог, хамтардаг гэж хардаг. Миний өмнөх дарга Г.Адъяа нийгмийн түншийн хүрээнд, бодлогын бичиг баримт, Хөдөлмөрийн тухай хууль зэрэгт нэлээд сайн хамтарсан. Бид Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүл, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, 77 дугаар тушаал, төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгаанд онцгой анхаарч ажиллах ёстой.
ҮЭ-үүд жагсаал цуглаан гэхээсээ илүү түншлэгч талуудынхаа байр суурийг хүндэтгэнэ. Хамтраад ажиллах бололцоо бүрэн дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа: Манай ҮЭ-ийн холбоонд төмөр замын хоёр сургууль хамаардаг. Тэтгэвэртээ гарах гэж байгаа ахмадууд хэдэн үг дайж явуулсан. Монгол хүн үр хүүхдээ тусад нь гаргахдаа ойрын хэдэн жилийн нөөцтэй гаргадаг. Гэтэл өнөөгийн Засгийн газрын шийдвэр тодорхойгүй, залгамж халаа нь найдвар төрүүлдэггүй. Тэтгэврийн нэрийн данс, Капитал банкны асуудал шийдэгдэхгүй өнөөг хүртэл бухимдал төрүүлж байна.
Сайн тайлбарлаж ойлгуулж өгөхгүй байгаад итгэл төрөхгүй байна гэдгийг заавал дамжуулаарай гэсэн.
ҮЭ-ийн их хурлын босгон дээр манай удирдлагыг хууль хүчний байгууллагаас гэнэт шалгаж, сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон. Цаашид ийм байвал төр, олон нийтийн байгууллагад үл итгэлцэл үүсч болох юм
БШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл: Үйлчилгээний ажилтнуудын энэ асуудал өмнө нь яригдаад боловсролын салбарт гэрээт ажлын байр байх боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Учир нь, сургууль, цэцэрлэгийн орчин аюулгүй, цэвэр, эрүүл байх ёстой юм. Үйлчилгээний ажилтны үүрэг роль маш их. Ийм хариуцлагагүй шийдвэр гаргаж болохгүй гэдгийг дахин дахин хэлье.
АДМИН








Нийгэм






