Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас иргэн Т.Ганболд, эхнэр Х.Янжингаажид нарын болон иргэний мэдээлэл, цахим төвийн асуудлаар мэдээлэл өглөө.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах: "Нийгмийн сүлжээнд өрнөж буй үйл явдалтай ялангуяа гэр бүлийн асуудалтай холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллагын талаар буруу ташаа мэдээллүүд явж байна. Тиймээс энэ талаар тодруулга өгье. Улсын бүртгэлийн байгууллага мэдээллийн сангаас мэдээлэл устгадаггүй.
Улсын бүртгэлийн мэдээллийн сан гэдэг нь өөрөө улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан, архивын эх нотлох баримт бичгийн мэдээллийн сан гэсэн 2 сангаас бүрддэг. Архивын мэдээллийн сан, цахим сангийн мэдээлэл зөрсөн тохиолдолд архивын эх нотлох баримт бичгийг баримталж шийдвэрлэдэг. Улсын бүртгэлийн мэдээллийн санд бид өнөөдөр мэдээллийг шинээр бүртгэл үүсгэж байгаа бол мэдээллийг нэмж болж байна. Иргэнтэй холбоотой мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд мэдээлэлд шүүхийн шийдвэр, улсын байцаагчын дүгнэлтийн дагуу мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт оруулж болдог. Тэрнээс биш мэдээллийн сангаас мэдээллийг устгах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн иргэнтэй холбоотой түүх улсын бүртгэлийн мэдээллийн сан буюу цахим мэдээллийн сан, их нотлох баримт бичгийн сангийн иргэний бүртгэлийн архивт хадгалагдаад явж байгаа.
Улсын бүртгэлийн мэдээллийн сан бол өөрөө онцлогтой. Яагаад гэвэл Монгол улсын бүх иргэний мэдээлэл, эд хөрөнгийн мэдээлэл, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой мэдээллүүд агуулагддаг учраас нууцын зэрэглэлтэй байдаг. Төрийн тусгай байгууллагын хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг.
Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэгддэг. Харин гэрлэлт дуусгавар болсон бүртгэлд дөрөв орчим мянга бүртгэгдэж байна. Гэрлэлтийг олон улсын конвенц, гэр бүлийн тухай хууль, иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэдэг.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй улсын бүртгэлийн хуулиар мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэдэг ангилалд оруулсан байдаг. Яригдаж буй иргэдийн мэдээлэл хязгаартай мэдээлэлд хамрагдаж байна.
Гэхдээ цахим орчинд Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан, ташаа мэдээлэл яваад байгаа учир ганц 2 зүйлийг процессын мэдээллийг өгье. Гэхдээ иргэний талаар нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй.
Энэ гэрлэлттэй холбоотой асуудал 2016 оны 6 сарын 17-нд бүртгэгдсэн гэр бүлийн мэдээлэл байна. Иргэн Г-гээс 2021 оны 10 сард улсын бүртгэлийн байгууллагад хандаад гэрлэсний бүртгэлийг хүчингүй болгуулъя, өмнө нь хэзээ ч гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй гэдэг гомдол мэдээллийг манай байгууллагад өгөөд түүний дагуу холбогдох хяналтын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон.
Дүгнэлттэй холбоотойгоор нөгөө талын иргэнээс захиргааны хэргийн шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Тухайн хэрэг шүүхийн шийдвэрлэх шатанд явж байгаа. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр бус гэж үзсэн" гэв.
АДМИН








Нийгэм






