Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим технологид суурилсан сургалтын платформ, системүүдийг хэрэглэн сурлагын хоцрогдлоо нөхөх, арилгахад Мобиком корпорацийн нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлэх зорилготой уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд зарлалаа.
Уралдаанд оролцохыг хүссэн сурагчид “Ухаалаг утсаар урамтай суралцъя” сэдвийн дагуу зохион бичлэг хийж, цаасан хэлбэрээр сургуулийнхаа нийгмийн ажилтанд 5 дугаар сарын 5-ны дотор өгнө.
Сургуулийн нийгмийн ажилтнууд мобикомоос гаргаж өгсөн Excel дээрх хүснэгтэд материал өгсөн хүүхэд бүрийн мэдээллийг үнэн зөв бөглөж, зохион бичлэгүүдийн хамт аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтэст 5 дугаар сарын 6-наас 8 ны өдрүүдэд хүлээлгэн өгнө.
Сургууль тус бүрээс ирсэн материалууд болон хүснэгтэн мэдээллийг тухайн аймаг, дүүргийн Боловсролын хэлтсээс томилогдсон мэргэжилтэн нэгтгэж авна.
Бүтээл нь дараах шалгуур шаардлагыг хангасан байна.
1. Үгийн тоо:
· 6-7 анги: 150-аас доошгүй
· 8-9 анги: 250-аас доошгүй
2. Агуулга:
· Гар утас сурлагын амжилтад хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?
· Гар утастай болбол өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжууд байна вэ?
· Ухаалаг утастай болсноор хэрхэн хичээлээ хийх, нэмэлтээр өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох бодит төлөвлөгөөг тусгах;
· Цаашдын хүсэл тэмүүлэл, мөрөөдлийн талаар дурдсан байна.
3. Бусад:
· Уралдаанд оролцогчийн өөрийн бүтээл байх, (тухайн бүтээлийг “Smart Education 2” төслийн сурталчилгаанд ашиглахыг зөвшөөрөх)
· А4 цаасан дээр буюу компьютерээр эсвэл гараар гаргацтай бичсэн байх;
· Бүтээлч, сонирхолтой байх;
· Уралдааны сэдэвтэй нийцсэн байх;
· Өөрийн түүх болон бодол санааг тусгасан байх;
· Бүтээлийн сэдэв, агуулгын дагуу бичигдсэн байх нь гол шалгуур болно.
· Бүтээлийн ард өөрийн овог нэр, харьяа аймаг, сум /дүүргийн нэр, сургуулийн нэр, анги, холбоо барих өөрийн эсвэл эцэг эх, асран хамгаалагч, багшийн утасны дугаар зэрэг мэдээллийг тодорхой бичсэн байх.
Бүтээл шалгаруулах
• 5 дугаар сарын 9-12-ны хооронд аймаг, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, Мобиком, Дэлхийн зөн олон улсын байгууллагын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг ирсэн бүтээлүүдийг уншиж, танилцан өгсөн зөвлөмжийн дагуу өгөгдсөн квотын хүрээнд сонгон шалгаруулалтыг хийнэ.
• 5 дугаар сарын 13-нд бүх аймаг, дүүрэг шалгарсан сурагчдын мэдээллийг бүрэн гаргаж Боловсролын ерөнхий газар болон Мобикомд илгээж дууссан байна.
Шагнал гардуулах
Мобиком корпораци нь шалгаруулалтын дүнг үндэслэн шалгарсан 2000 сурагчид шагнал болох Samsung Galaxy А02 ухаалаг гар утсыг бүтэн жилийн дата эрх бүхий мобикомын шинэ дугаарын хамт 2022 оны 5-р сарын 15-наас 5-р сарын 31-ний хооронд өөрийн салбараар дамжуулан гардуулах болно.
Бүтээлээрээ шалгарсан сурагчид ухаалаг утсыг хичээл, сургалтын үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэх ба багш, эцэг эх, асран хамгаалагчид утасны зохистой хэрэглээг хянаж, зөвлөмжөөр хангана.

АДМИН







Нийгэм






