Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ш", "Б" нар нь 13 хүний дунд хуулиар хориглосон покер буюу мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан үйлдлийг шуурхай илрүүллээ.
Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Уугантуяа: "Хэргийн газраас эд мөрийн баримтаар бэлнээр 238 мянган төгрөг, 200 орчим читон, 18 ширхэг гар утсыг хураан авч мөн иргэн Ш-ийн ХААН банкны дансанд байршуулсан 3 сая 650 мянган төгрөгийг царцаан үргэлжлүүлэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн А-г олж тогтоон харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан. Хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газарт урьд өмнө нь ял шийтгэгдсэн 3 этгээд байсан нь тогтоогдсон" гэв.
Иргэд та хуулиар хориглосон мөрийтэй тоглоомоос өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.