Монгол Улсын Засгийн газраас 2021 оноос эхлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл”-ийг дэмжих зорилгоор жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.
Энэ жил хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зориулж, нийт 380 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Зээлийн эх үүсвэр болох 380 тэрбум төгрөгийг “ХААН”, “Худалдаа хөгжил”, “Голомт”, “Ариг”, “Тээвэр хөгжил”, “Хас”, “Капитрон”, “Төрийн банк” зэрэг 8 арилжааны банкнаас гаргаж буй. Зээлийг авч байгаа аж ахуйн нэгж, иргэд жилд ердөө 3 хувийн хүү төлөх бөгөөд хүүгийн зөрүү болох 10.65 хувийг Монгол Улсын Засгийн газар хариуцаж байгаа юм. Иргэн, аж ахуйн нэгжүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авснаар тэдний үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болох учиртай.
Зээлийг хэнд, хэрхэн, ямар хэмжээгээр олгохыг Засгийн газар, тэр дундаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцахгүй. Харин эх үүсвэрээ гаргаж, зээл олгож буй арилжааны банк 100 хувь бие даан шийдвэрлэнэ. Тиймээс зарим иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс зээлийн шалгуур өндөр, зээл олдохгүй байна гэх санал гомдлыг бидэнд мэдээлж байгаатай холбоотой зээл олголтын хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг хүргэж байна.
Зээлийн зориулалт
Энэ жил хөдөө аж ахуйг дэмжих зээлийн зориулалтыг 6 чиглэлээр ангилан олгож байгаа. Мөн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор болсон нь энэ жилийн нэгэн чухал дэмжлэг юм.
1. Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
2. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
3. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
4. Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
5. Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
6. Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.
Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 62 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлийн зээлд нийт 150 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнээс 62,4 тэрбум төгрөгийг 22 аж ахуйн нэгжид олгосноор гүйцэтгэл 42 хувьтай байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд 56 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг хуваарилснаас 415 иргэн, аж ахуйн нэгжид 56,7 тэрбум төгрөгийн зээл олгож, гүйцэтгэл 57 хувьтай байна.
Ноос бэлтгэлийн 17 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт судлагдаж байна
Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг хувиарласнаас 1 аж ахуйн нэгжид 800 сая төгрөг олгожээ. Ингэснээр гүйцэтгэл 3 хувьтай байгаа бөгөөд 9 аж ахуйн нэгжийн 17,6 тэрбум төгрөгийн хүсэлт судлагдаж байна.
Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Төмс, хүнсний ногооны тариаланчдад 50 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэснээс 15,4 тэрбум төгрөгийг 714 иргэн, аж ахуйн нэгжид олгож, гүйцэтгэл 31 хувьд хүрээд байна.
Арьс шир бэлтгэлийн 13 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт судлагдаж байна
Арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөг хувиарласнаас өнөөдрийн байдлаар зээл олгогдоогүй бөгөөд 11 аж ахуйн нэгжийн 13,1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байна.
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулсан зээлийн гүйцэтгэл 77 хувьд хүрчээ
Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнээс 6 аж ахуйн нэгжид 30,6 тэрбум төгрөг олгосноор 77 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Зээлд хамрагдалтаар Сэлэнгэ аймаг тэргүүлж байна
Зээл олголтыг аймгаар авч үзвэл, Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 17.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Дараа нь Дархан-Уул аймаг 12.1 тэрбум, Төв аймаг 6.8 тэрбум, Хөвсгөл аймаг 3.7 тэрбум, Увс аймаг 3 тэрбум, Булган аймаг 2.2 тэрбум, Орхон аймаг 1.7 тэрбум, Хэнтий аймаг 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан дүнтэй байна.