Дэлхий даяар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, хуулийн засаглалыг хөгжүүлэх, парламентын чадавхийг бэхжүүлэх зорилготой Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (International Republican Institute) Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт зах зээлд суурилсан, ардчилсан институцуудыг бий болгоход төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийг холбож, улс орнуудын сайн туршлагуудаас нэвтрүүлэн, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Өнөөдөр БНОУХ-ийн Ерөнхийлөгч, доктор Даниел Твайнинг, тус хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Крейг Кастанья нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Нийгмийн шилжилтийн түүхэн цаг үед сорилт, бэрхшээлийг дагуулсан ч өдгөө Монгол Улс бүс нутагтаа ардчиллын сайн жишиг болохуйц туршлага хуримтлуулсан гэдгийг ноён Даниел Твайнинг онцолж байлаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа түүнийг бэхжүүлэх нь илүү их хүчин чармайлт, хамтын оролцоог шаарддаг. Ялангуяа нийгмийн шинэ дэг, амьдралын огт өөр хэв маяг дэлгэрч буй энэ цаг үед цахим засаглалыг төлөвшүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлэх, парламентын боловсролтой иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллаж байна.
АНУ, Монгол Улсын хооронд гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг төрөлжүүлэн, гадаад худалдааг нэмэгдүүлэх шинэ чиглэлийг урьтал болгох тал дээр санал нэгдлээ.