Өнгөрөгч амралтын өдрүүдийг Увс аймгийнхан “Соёл амралтын өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлжээ. Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, өв соёл, түүх уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус аймгийн Соёл урлагийн газраас санаачлан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
“Соёл амралтын өдрүүд” арга хэмжээний хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн, худалдаа, “Хоолны соёл” үзэсгэлэн худалдаа, Ойрад театрын 50 жилийн ойд зориулсан “Хагас зуун жилд - 50” амьд тоглолт, Ардын уламжлалт тоглоом наадгай, үлгэр, тууль, номын үзэсгэлэн худалдаа, “Сээр цохих” тэмцээн, АХА тэмцээн /монголчуудын ахуйн соёлын талаар/, “OPEN MIC”, Нутгийн аялгаар оньсого тааварын тэмцээн, “Адуу”-ны өв соёлын үзэсгэлэн, “Монгол бичгээр Бичихүй, Урлахуй”, Угсаатны бүлгийн хувцасны соёлын үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж, олон нийтэд толилуулсан байна.