Бүгд Найрамдах Зимбабве Улсын багийн ахлагч, хошууч Иосеф Кимбирай Муринзва:
-Юуны өмнө Монгол хэмээх уудам сайхан энэ оронд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Цэнгэг агаар, цэлмэг тэнгэр, үзэсгэлэнтэй байгальтай сайхан орон юм. “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд анх удаа оролцож байгаадаа сэтгэгдэл өндөр байгааг хэлэх нь зүйтэй. Манай улс “Аравт” уралдааныг Монгол Улсад 2019 онд анхлан зохион байгуулагдахад нь ажиглагчаар оролцож, цаашдаа багаараа оролцох боломжтой юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Тийм ч учраас энэ удаагийн тэмцээнд бид уулын морин цэргийн хорооныхоо шилдэг дайчдыг оролцуулахаар Монгол орныг зорин ирээд байгаа нь энэ.
Мэдээж бид энэ төрлийн олон улсын морин цэргийн уралдаанд анх удаагаа оролцож байна. Энэ маань ч бидэнд маш их туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Харин дараа дараагийн удаад бие бүрэлдэхүүнээ улам бүр чадавхжуулж, илүү их хичээл зүтгэлтэйгээ оролцоно гэдгээ хэлэхэд таатай байна.
Бид тэмцээний дараа эх орондоо очоод "Аравт"-аас сурсан, мэдсэн арга барил, мэдлэг чадвараа Зэвсэгт хүчнийхээ бэлтгэл сургалтад ашиглах болно.
Зимбабве Улсын Зэвсэгт хүчний хувьд морьт цэргийн хороотой. Цэргүүдийг морьтон дайчдын эгнээнд элсүүлэхийн тулд зургаан сарын бэлтгэл, сургалтад хамруулдаг уламжлалтай. Бид уналгадаа ихэвчлэн азаргыг ашигладаг. Монголын морьдыг бодвол харьцангуй том биетэй ч илүү номхон, сургагдсан байдлаараа ялгаатай.