Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээлээ. Тэрээр шагналаа авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцлаа.
Ардын жүжигчин Э.Амартүвшин: "Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай түүхэн сайхан өдөр болж байна. Өнөөдөр дээд төр маань, эрхэм төрийн тэргүүн маань Монгол улсын ардын жүжигчин хэмээх энэ нэр хүндтэй сайхан шагналыг надад олголоо. Олон улсад эх орныхоо нэрийг гаргасныг маань өндрөөр үнэлж өнөөдөр энэ сайхан шагналыг олголоо гэж бодож байна. Монголынхоо нийт ард түмэнд, төрүүлж өсгөсөн аав ээждээ, эрдэмтэн багш нартаа, ажлын хамт олон, хань ижил, найз нөхөд, ах дүү төрөл төрөгсөд, намайг таньдаг бүх хүмүүстээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
Би багаасаа их дуулах дуртай хүүхэд байсан. Тэрийгээ дагаад арван жилээсээ эхлээд дуулаад дуучин болно гэж эргэлт буцалтгүй шийдэж СУИС-д орсон. СУИС-д орж олон сайхан багш нар дээр суралцаж дуурь, сонгодог урлаг гэж ямар сайхан зүйл байдгийн амт шимтэд ороод үүнийхээ төлөө явж байна. Ямар нэгэн зүйл рүү хазайлгүй, зөвхөн зорьсон, дуртай, өөрийнхөө хүсэж мөрөөдсөн зүйлийнхээ хойноос явсны маань үр шим өнөөдөр гарч ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж энэ сайхан шагналыг олгож байна. Энэ нэр хүндтэй сайхан шагналыг дааж, Монгол улсынхаа нэрийг Олон улсад өндөрт өргөж явахын төлөө хичээнэ" гэлээ.
АДМИН








Нийгэм




