Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх тэргүүтэй албаны хүмүүс Энэ сарын 14-ний өдөр Багануурын уурхайн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.
Багануур ХК 2022 оны III улирлын байдлаар нийт 19.8 сая.м3 уулын цулын ажил хийж, 11.9 сая.м3 хөрс хуулж, 3,04 сая тонн нүүрс олборлон борлуулж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-107 хувиар биелүүлэн ажиллаж байна.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 82 хувьтай хэдий ч өвлийн бэлтгэлийг 100 хувь хангахад тулгамдаж буй асуудал олон байгаагаа танилцууллаа. Тухайлбал: түлш, тэсрэх материалын нөөц бэлдэх, дугуй тослох материалын нөөц, ажилтнуудын нийгмийн даатгал, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, тэдгээрийн алданги гээд олон асуудал байгаа талаар салбарын сайдад дуулгасан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний суурь салбар бол уурхай. Багануур ХК бол Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай юм. Бид танай компанид тулгамдаад буй асуудлуудыг ойлгож байна. Нэг тонн нүүрсний үнийг 33500 төгрөгөөр төгрөгөөр цаашид байлгах боломжгүй болсон байна гэдгийг ойлгож байна. Тиймээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байгаа. Үүнтэй уялдаад нүүрсний үнийг хэрхэн нэмэх талаар яригдана. Тиймээс танай компани үнэ өртөгтэй холбоотой санхүүгийн тооцоолол мэдээллээ холбогдох албаны хүмүүст өгч хамтран ажиллаарай" гэлээ.
Багануур ХК-ийн хамт олон дотоод нөөц боломжоо ашиглан хөдөлмөр зохион байгуулалтаас 105.5 сая.төгрөг, эд анги сэргээн засварлаж 304.3 сая.төгрөг, эрчим хүчний хэмнэлт гарган 624 сая.төгрөг, техник зохион байгуулалт сайжруулж түлш шатахуунаас 85.6 сая.төг хэмнэжээ. Мөн өнгөрсөн зун намрын хугацаанд худалдан авалтыг оновчтой зохион байгуулж 10.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан аж. Жилд 280 худалдан авалтын гэрээ байгуулдаг байсныг 100 болгож бууруулсан гэх мэт хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулжээ.
АДМИН







Нийгэм




