Нүүрсний хулгайн эсрэг үйл явдлын заримаас онцолъё. 17-гийн тоог зүгээр байлгадаггүй тохиолдол давтагдсаар байна. Нүүрсний хулгайн эсрэг цуглааны 17 дахь өдөр 17 хүн нүцгэллээ. Хоёр нь осгож, гурав нь ухаан алдаж, жагсагчдын эрүүл мэндэд ноцтой хохирол учрах болсон тул эмч нарын хүсэлтээр эмнэлэг рүү авч явсан гэж цагдаагаас мэдэгдсэн. Харин жагсагчид хөлдүү гулууз чирч байгаа юм шиг ачиж аваачаад, 5-6 цаг хувцас хунар өгөхгүй байсан гэж хэлж байна. 17 дахь өдрийн орой Төрийн ордны өмнөхөн барьсан гэр, дэвсгэр, эд зүйлийг нь хурааж, жагсаалыг хүчээр тараалаа. 18 дахь өдөр 2 бүсгүй мөн л хагас тайчсан боловч өмнөх өдөр шиг нь анхаарал татсангүй. Өвлийн хүйтэнд нүцгэлсний улмаас эрдэнэт хүний эрүүл мэнд, амь нас хохирч, үймээн самуун болж хувирах аюул заналхийлж байсан юм.
17 жил үргэлжилж байгаа нүүрсний хулгайд 17 хүний нэр зарлагдсан. 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож асан экс Еөк Х.Баттулга 17 нэрийн эхэнд бичигдэж байна. Сөүл рүү ниссэн Х.Баттулгыг шадар сайд Ч.Хүрэлбаатар оргон зугатсан гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд өдөр бүр төмөр өргөдөг байж, шалгуулах болохоор өвдчихдөг, АН-аас албан ажлаар явсан гэж мэдэгдэв.
Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын үр дүн эхнээсээ гарч, мөн л 17 хүний нэр ил болж, мөрдөн байцаалтын шатанд 17 хэрэг нээгдэж, Эрүүгийн хуулинд өөрчлөлт орж, албан тушаалтанд оноох ял чангарлаа. Нийтдээ УИХ-ын гишүүдийн тоотой тэнцүү 76 хүнийг яллагдагчаар татаж, 73-ыг нь таслаж сэргийлж, 15-ыг нь хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Эдгээрийн дотор улс төрд нөлөө бүхий 8 хүн байна.
АДМИН








Нийгэм






