Батлан хамгаалах яам 2022 онд хийж хэрэгжүүсэн ажлаа дүгнэж, зорилго, зорилтыг ханган биелүүлэхэд хичээл зүтгэл гарган амжилттай ажиллаж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр байгууллага, хамт олноо манлайлсан тэргүүний нэгж, албан хаагчид, харьяа байгууллагуудыг шалгарууллаа.
"Оны тэргүүний бүтцийн нэгж"-ээр Гадаад хамтын ажиллагааны газар,"Оны тэргүүний хэлтсийн дарга"-аар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга хурандаа Д.Ганбат, "Оны тэргүүний ахлах мэргэжилтэн"-ээр Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтсийн Батлан хамгаалах эрх зүйн шинэчлэл, бодлогын ахлах мэргэжилтэн Л.Ганзориг, "Оны тэргүүний мэргэжилтэн"-ээр Төрийн захиргааны удирдлагын газрын Нууцын дарга-Сайдын зөвлөлийн хуралдаан хариуцсан мэргэжилтэн дэд хурандаа О.Ууганбаяр, "Оны тэргүүний үйлчилгээний ажилтан"-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ахлах цахилгаанчин дэд ахлагч Д.Энх-Амгалан, тогооч О.Оюунчимэг, "Оны тэргүүний төсөвт байгууллага"-аар Цэргийн төв эмнэлэг, "Оны тэргүүний Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар"-аар "Бөртэ" ТӨААТҮГ, "Оны тэргүүний Цэргийн штаб"-аар Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб шалгарчээ.
Энэ үеэр оны шилдгүүдээр шалгарсан ажилтан, алба хаагчдад хандан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Эрхэм хүндэт та бүхэнд Монгол Улсад батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулагдсаны 111 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бид 2020 онд шинэ Засгийн газрыг байгуулсан цагаас хойш 2 жил 7 сарын хугацаа өнгөрчээ. Энэхүү хугацаанд бид нэлээд ажлыг амжуулж чадлаа. Хэдий өвчин тахал, хөл хорионоос эхлээд олон хүндрэл, бэрхшээл, асуудлууд байсан ч төлөвлөсөн ажлуудаа амжилттай хийж хэрэгжүүлснээрээ бид Засгийн газрын тэргүүлэгч яам байлаа. Энэ онд манай яам авилгатай тэмцэх, иргэд олон нийтэд нээлттэй байх бодлогынхоо хүрээнд төрийн байгууллагуудын хэмжээнд тэргүүлсэн амжилтыг гаргажээ. Мөн БХЯ-ны харьяа байгууллагууд маш сайн ажилласан гэдгийг онцгойлон хэлмээр байна.
Энэ жилийн 7 дугаар сард бага, дунд албан тушаалын алба хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлсэн. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсний нэг нь төрийн захирагааны болон төрийн албан хаагч, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний алба хаагчийн нэгдмэл цалингийн сүлжээг баталлаа. Энэ сүлжээгээр манай алба хаагчдын цалин бусад Төрийн цэргийн байгууллагуудтай нэг жишигт очиж байгааг энэ ташрамд дуулгахад таатай байна” гээд байгууллага, хамт олноо манлайлан ажил амжилтаараа бусдадаа үлгэр дуурайлал болон ажилласан Батлан хамгаалах яамны тэргүүний алба хаагчид, харьяа байгууллага, Цэргийн штабын хамт олонд баяр хүргэлээ.
Эх сурвалж: Соёмбо редакц
АДМИН








Нийгэм







