Dark Light
Нийгэм | 2023-01-03

ТОЙМ: 2023 онд болсон хорин "ШОГ" үйл явдал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жилийн сүүлийн дугаартаа 2022 онд монголчууд биднийг шоконд оруулсан шог үйл явдлаас онцолж байна. Яаж эхэлнэ, яг тэгж дуусдаг. 2022 оны бар жил Хөгжлийн банкыг тоносон дуулианаар эхэлж, нүүрсний хулгайгаар дуусч байна. Бар  савраараа базаж, шүдээрээ хазаж, сүүлээрээ шарваж, тооны машинд багтахгүй том том хэргүүд наяд наядаараа ил боллоо. Аливаа муу юм ерөнхийдөө сайн гэдэг. Мууг илчилж байж, сайн болгон цэгцлэх эхлэл тавигддаг учир бар жил монголчуудад алсуураа ээлтэй, Монголын хулгайч нарт алсуураа халтай он болж өнгөрч байна.   

 ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨГИЙН ТҮҮХ 

Хөгжлийн банкинд 1,8 их наяд төгрөгийн өр хуримтлагдан овоорсон тухай шүгэл үлээгдсэнээр бар жилийн базаа эхлэв. 

Гадаадын ямар ч мафи ийм их замын түгжрэлтэй, бүгд шахам хоорондоо хамаатан садан болчихдог Монголд банк дээрэмдэх боломжгүй гэж үзнэ. Тэнд бакь биетэй, маск зүүсэн, буутай залуус банк тононо. Харин манайд шалхгар гүзээтэй, сахал самбаатай, цагаан захтангууд банк дээрэмдэнэ. Тэнд дээрэмдэх банкаа сонгодог бол энд дээрэмдэх банкаа сонгон байгуулна. Дээрэмдүүлэх мөнгийг нь бонд нэрээр зээлдэж авчраад, доллар, еврогоор “Май, ингээд аваад яв!” гэж байгаа юм шиг тоолж бэлтгэж тавина. Хөгжлийн банкыг дээрэмдэхийн тулд байгуулж, дээрэмдүүлэх мөнгийг нь эзэн Чингис хааны нэрээр өр тавьж авчирсан. Хувийн банкны сахалтай эзэн улсын банкны санхүүг хусна. Дээрэмдсэн банкинд дээрэмдүүлсэн банк нь байрлана. Тоногчид нь тонуулагчийнхаа цагийг бүртгэж, камераар хянаж, өр тавигч нь өр барагдуулагчаа томилно. Барьцаагүй 100 мянгын өдрийн зээл Хөгжлийн банкинд барьцаагүй зуу зуун тэрбумын насны зээл болж хувирсан байсан нь илчлэгдсэн.  

Чингис бондоор 2013 онд 1,5 тэрбум доллар оруулж ирэхэд УИХ-ын чуулган дээр “Өрийг нь хэн төлөх юм бэ? гэж асуухад “Үр хүүхэд минь төлчихнө өө” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулж байжээ.  Асуусан нь ч, хариулсан нь ч анхнаасаа л юу болохыг мэдэж байсан болж таарч байна уу? Бүгдээрээ нэг хүний хүүхэд болчихгүйн тулд өрийг нь өөрсдөөр нь төлүүлэх, чиний өрийг би төлөхгүй тэмцэл өрнөсний эцэст өнөөдрийн байдлаар 1 их наяд төгрөгийн зээл төлөгдөөд байна. Олуулаа исгэрч гуугалсны хүчинд Чингис бондын өрийг бүрэн барагдуулж, Хөгжлийн банк сэхээний тасгаас энгийн өрөө рүү шилжээд байна. Тэн хагас нь барагдаад байгаа ч  төрөөс авсан төрийн компаниудын зээл, “Эрэл” компанийн Д.Эрдэнэбат нарын сохор зоос өгөхгүй луу унжсан өрийг хэрхэн барагдуулах нь одоо ч тодорхойгүй байна.  Эрлийн үзүүрт эрдэнэ биш эрлийн үзүүрт Эрдэнэбат болчихвол илүү их өр барагдана. 

НҮҮРСНИЙ ХУЛГАЙ 

 

Хулгай хар мөртэй бол нүүрсний хулгай бүр тас хар мөртэй гэдэг нь батлагдав. Бузрыг үл оруулж, буяныг эс гаргах улсын дархан хилээр 10 гаруй жилийн туршид нүүрс өшиглөж байсныг илчиллээ. 17-р жарны бар жилд 17 ба 60-ын тоог зүгээр байлгадаггүй үйл явдал үргэлжилж, эхний ээлжинд нүүрсний хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг зарлаад байна. Намууд манайд лав нүүрсний хулгайч байхгүй гэж нуугдаж тоглосон боловч шуудайгаар нь биш  чингэлгээр нь хусагчид шоронд бус ордонд, нэгээрээ биш нэлээр олноороо байсан нь тодорхой болоод байна.Төрийн ордон, төрийн шорон хоёулаа гадуураа хашаатай, хамгаалдаг цэрэгтэй, засгийн хоолтой, тодорхой тооны улсууд тодорхой жил аваад суудаг. Хүрзээр нь туусан нь шоронд, ордоор нь тоносон нь ордонд суудгаараа ялгаатай. Олон түмний бухимдал дургүйцлийн хүчинд ял шийтгэл нь чангарч, нууцууд ил болж, тээвэрлэх, борлуулах, олборлох бүх үе шатыг нь хэн бүхэнд нээн харуулах ажил эхэллээ.  

Товчхон тодорхой шокууд: 

Энэ оны 8 дугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлэх дуртай үгээр бол амаргүй бэрх цагийг туулах давхар мост болгож, давхар дээлтэй 9 сайдаар хүч сэлбэв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзсэнээр гишүүд өлгүүртээ бэлэн байсан давхар дээлээ сэгсэрч аваад гаргаж өмсөв. 

- 2022 оны бар жил эмэгтэй улс төрчдөд ээлтэй биш халтай болж өнгөрлөө. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл ядуу өрхүүдийг улны гэж ад шоо үзсэн үг хэллэгээсээ болж, давхарласан дээлээ тайлж, дан тэрлэгтэйгээ үлдлээ. Хэлсэн нь Д.Сарангэрэл боловч хэрэглэсэн ХНХ-ынхан мултрав. Дэд сайд Б.Зулпхараар ахлуулсан баг улны гэдэг үгийн эрэлд мордсон ч одоо хүртэл олоогүй байна.  ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ үе насаар нь ялгаварласан байж болзошгүй үгнээсээ болж огцров. Сангийн яам НӨАТ төлөгчдөө өлөн гэж унтраасан реклам цацуулав. 

- Дэлхийд айргийн тавд орох Оюутолгойн гүний уурхайд анхны тэсэлгээ хийв. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ буюу товчилбол ХОГ-ийг цуцлуулж, монголчууд 2,3 тэрбум долларын өрөнд аль хэдийнээ орж, ирээдүйд 22 тэрбумын өрөнд орох байсныг зогсоов.

- Ахин дахин давтагддаг ёсоор махны 17 үйлдвэр хаагдав. Хортой махны дуулиан дэгдсэнээс хойш бараг жилийн дараа сая нэг устгав.  

- 60 ба 17 гэдэг тоотой монголчууд бүү хэл Монголтой холбоотой гадныхан ч орооцолдож байна. 60 настай, шар сэмжилсэн, сингапур өвгөн 300 монгол эмэгтэйн нүцгэн зураг, бичлэгээр барьцаалж, хятадуудад зардаг байсан байж болзошгүй хэрэг илрэв. 

- 17 дугаар жаранд 17 ба 60-ын тоог зүгээр байлгадаггүй адал явдал, хэрэг тохиолдол үргэлжилсээр байна. Нүүрсний хэрэг 17 хүнийг зарлаж, 17 эр нүцгэлж, махны 17 үйлдвэр хаагдсан бол 60 тэрбумын үргэлжлэл болгож Сэлбэ голыг гоёх 60 саяы зээл, хүний өмнөөс хүнд 60 саяын сарнай илгээсэн гэх зэрэг дуулиан дэгдэв.   

- Хятадаас 30 сая доллар зээлдэж, Улаанбаатарт нүхэн гарц барихаар болов. Олон нийт нүхэн гарцаас илүү өрийн нүхэнд унаж байна гэж шүүмжлэв. Сошл инфлүүнзер Б.Цэцэгийн удирдлагаар Хятадын 60 сая доллар зээл авч, 3,1 тэрбум төгрөгийн урсгал зардлаар Сэлбэ голоо өргөсгөж, гоёж тохижуулах төслийг зогсоолоо. Ам алдвал барьж болдоггүй, салаавч гаргавал буцааж болдоггүй гэдэг хэлц үг гарав. 

- Жолооны үнэмлэхгүй, шүдний эмч Ч.Маралмаа хоёр хүүхэд, долоон машин мөргөв. Хохирогчдын амыг таглаж, хохирсон охины нь арьс нь зулгарсан, залуу хүн алдаа л биз гэж ухуулах гээд, эцгийнх нь бизнес, жолоогоо шилжүүлсэн найз залуу зэрэг нь илчлэгдэв. 

- Өмгөөлөгч Батбаярын охин А муухай харлаа гэх шалтгаанаар бусдын бие дээр халуун кофе асгасан, чөтгөр шулам хаалга тогшлоо гэж айсан гэх үү, шуламстай зодолдох дуртай гэх үү согтуу эр чихэр гуйсан охиныг өшиглөсөн зэрэг бичлэгээр Монголын сошл амьсгалав. 

- Олон улсын Түрэг академи, Археологийн хүрээлэн Номгоны хөндийгөөс Билгэ хааны эцэг Хүтүлүгтэй холбогдох үнэ цэнтэй олдвор илрүүлэв. Малтлагаар хоёр гүегтэй арслангийн олдвор олсон. Харин орчин үед хийсэн нүүрээ будсан хөмсөг сормуустай, алиа марзан арслангуудын элдэв баримлыг сошл орчинд илрүүлэн шоглосоор байна. 

- Монголын тамирчид онцгой амжилт олныг гаргалаа. Шатар сонирхогчдын дэлхийн аваргаас Э.Маргадгуа, С.Төгөлдөр, Н.Содбилэгт нар ангилал тус бүрдээ түрүүллээ. Бүх Оросын усан сэлэлтийн цомын төлөөх тэмцээнд Э.Эрхэс гурван алтан медаль хүртэж, монголчууд усанд муу биш болохыг нотлов. Уралдааны замд живэхгүй л бол амжилт гэж Монголыг шоолдог байсан цаг ард хоцорч, усан спортоор дэлхийд дээгүүрт ордог оросуудыг эх оронд нь монгол хүн ялав.  

- Цалин, орлого хумслагч, айл бүр, хүн бүхний халаасанд хуруугаа шургуулсан инфляц гаарав. Атар талхны үнэ 1200-гаас 2400 болж нугарсан бол, дизель түлш гурав дахин өслөө. Монгол төгрөг долларт ялагдаж, 2000-аас 3500 болж ханш нь сулрав. 

- Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин багын анд Э.Энхбатын амийг хөнөөж, 16 жил хорих ялаар шийтгүүлэв. Тэрбээр олимпийн анхны аварга гэсэн алдар нэрээ хөдөлмөрийн баатар хүн амины хэрэгтэн болсон анхны муухай жишгээр үүрд харлуулав.  

- Төрийн ордонд нэг баавгай унтаж байгаад сэрэв. Ичээнээсээ гарсан баавгай хана туурга нь цуурсан төрийн ордныг хуга алгадахаар ууртай байна. Мөнөөх нүдний шилтэй баавгай охидтой хүчээр унтдаг гэх дуулиан дэгдсэн ч хохирогч гэж мэдүүлж байсан бүсгүй шинэ байр, олон машинтай болсныхоо дараа өөрийгөө шүүхэд өгч, өөрийгөө 7 сая төгрөгөөр торгуулав. 

- Малайзад 16 жилийн өмнө алагдсан Г.Алтантуяагийн ар гэрт 1,5 сая доллар нөхөх төлөх шийдвэр гарав. Хоёр алуурчинд цаазын ял оноож, захиалагч Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг мөрдөн шалгаж байна. Монгол хүний амь нас үнэ цэнтэй гэдгийг нотолж, 16 жилийн туршид гуйвшгүй тэмцсэн Шаарийбуу гуайг ард иргэд хүндэтгэж байна.

- Чингис хааны  гал голомт, төрөлх нутаг Монгол Улсад “Чингис хаан” музей үүдээ нээв. “Балданс” компанийн бүтээсэн барилгын зураг нь Туркийн “Кизилай” гэдэг их дэлгүүртэй ялгахын аргагүй адилхан болсон бөгөөд дуучин С.Жавхлангийн малгайг томруулан дээвэр дээр нь тавьснаараа л өөр юм. Чингис хаан музей 12 мянган үзмэртэй, үүний 90 гаруй хувь эх үзмэр байна. 

Ирэх 2023 онд шогтсоныг нь шоглож, шокруулаад байвал  шоолох, бурууг зөгий мэт хатгах Шок шог мэдээгээр эргэн уулзацгаая! Шинэ оны мэнд хүргэе!

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10