Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр /2023.01.04/ "Преком" компанийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Преком" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр нэг ээлжиндээ /8 цагт/ 40 толгой бод, 400 толгой бог төхөөрч, 20 тн ястай мах шулах, ангилан боловсруулах хүчин чадалтай. Евро стандартын дулааны аргаар мах боловсруулах олон улсын технологийг монголдоо нэвтрүүлсэн үйлдвэр юм. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар ОХУ, Япон, БНХАУ, БНСУ орнуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортолж байна.
"Зах зээлд байгаа махны 95 хувийг гар аргаар бэлтгэсэн малын мах эзэлдэг бөгөөд энэ нь эрүүл ахуйн болон чанарын наад захын шаардлага хангадаггүй. Дэлхийд нийт махныхаа 90 гаруй хувийг гар аргаар бэлтгэж байгаа манай улс шиг орон байхгүй. Энэ байдлаар гар аргаар бэлтгэсээр байвал ирээдүйд мах, махан бүтээгдэхүүн экспортлогч орон болох боломжгүй юм. Иймээс үйлдвэрийн аргаар мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдээ төр дэмжих нь зүйтэй" гэж "Преком" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхзаяа хэллээ.
Мөн "Мах экспортын үйлдвэрүүдийг шалгаруулахдаа тухайн орны шинжээчид тусгай группээр ирж нэг бүрчлэн нарийн судалсны үндсэн дээр хамтарч ажилладаг бөгөөд зөвхөн тухайн импортлогч орны шийдвэрээс хамаардаг" гэв.
АДМИН








Нийгэм







