Улсын нийслэл хот замын хажуугийн цас цэвэрлэх хоёрхон машинтай. Хоёрхон машиндаа хоёр дугуй авах гээд хоёр жил чадахгүй байгаа тухай хотын Ерөнхий менежер М.Баяраа хэллээ. Тусгаар улсын бүхэл бүтэн нийслэл хот хоёр дугуйнаасаа болж мөргөлдөж тэшиж, оцон шувууны алхаагаар он оныг үдэж байна. Хоёр дугуй авахыг нь тэнгэр хангай хоёр жил хүлээгээгүй, хоёр удаа өвөл болсон байна. Өмнөх менежер нь цас мөс хайлуулах давсны тендер зохион байгуулж чадахгүй давсанд явсан. Хүмүүс давс байхгүй учраас гэмтэл рүү явж, замын цагдаа цалингаараа давс авахаар дэлгүүр явсан.
Улаанбаатар бол дайн болоогүй ч утаа манан, улаан шороо нь боссон, ухсан нүх нь харласан, овоолсон хог нь хийссэн, халтиргаа гулгаан дунд, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд яаж ийгээд аж төрдөг баатарлаг хүмүүсийн баатар нэртэй хот. Улаанбаатар бол утаатай дайн зарлаж, утаандаа ялагдаж байгаа хот. Эхлээд гэрийн бүрээс сольсон, дараа нь зуух сольсон, тэгээд яндангаа сольсон, дараа нь түлшээ сольсон, хотын дарга нараа хольж сольсон, хотын Ерөнхий менежерүүдээ халж сольсон. Хамгийн сүүлд нь хотоо сольж, Орхоны хөндийд хот байгуулах шийдвэр гарлаа.
АДМИН







Нийгэм




