2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зарим хууль тогтоол шийдвэрүүд нь үндсэн хуульд халдаж хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн хүчингүй болгох асуудлаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
Тэрээр “ Хүүхдийн мөнгө, хүн амны орлогын албан татварын тухай хууль хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Энэ оноос эхлэн өндөр орлоготой иргэдийн хүүхдүүдэд Хүүхдийн мөнгө олгохоо зогсоож байгаа. Хувь хэмжээ хэдийгээр бага ч гэсэн хүүхэд бол хүүхэд. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Үндсэн хууль дээр хүнийг аж байдал, хөрөнгө чинээ, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж тодорхой заасан байдаг.
Мөн татварын хуульд 2019, 2020 онд хийсэн өөрчлөлтөөр 15 байгууллага хувь хүний дансны мэдээллийг харах эрхтэй болсон. ХХОАТ-ийн хуулиар орлогын хэмжээнээс хамаарч, татвар ногдуулахаар болсон. Нэг нь хүнийг орлогоор, өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж байна. Нөгөө нь хувь хүний нууцад шууд халдаж байна.
Үндсэн хуулиа зөрчөөд байвал цаашдаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Биднийг бага байхаас цэцэг өвс ногоог хүртэл үндсээр нь битгий зулгаагаарай гэж сургаж ирсэн. Энэ улсын амьдрах амин сүнс бол үндсэн хууль юм. УИХ-ын дарга Г. Занданшатар индэр дээрээс хэлэхдээ өнөөдрийг хүртэл 8 удаагийн парламент нийт 500 гаруй хууль баталснаас 200 гаруй хууль нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар дурдсан. Их хурал, Засгийн газар нь хууль зөрчихөөр ард иргэд бусад хүмүүс хууль хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болгож байна.
ҮХЦ-д хуулийн дагуу өргөдөл гаргаж ер нь бол гуйж байна. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Гэвч өнөөг хүртэл улс төрийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Энэ нь Цэц, хөх тэнгэр хоёрын хооронд ямар нэгэн хүч үйлчлээд байгааг харуулдаг. Хэрэв ийм хүч байдаг бол шууд хэлчих. Үнэхээр хуулийнхаа дагуу ажиллахад хүндрэлтэй байгаа бол сэтгүүлчдэд хэлээч ээ. Хамтраад үүнийг шийдье гэж хүсэж байна” гэлээ.
АДМИН








Нийгэм






