Иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх Х-г “архичин минь” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан таягаар нь толгой, гар луу нь цохиж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь “их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, толгойн хуйхны духны хэсгийн цус хуралт” бүхий гавал тархины битүү гэмтлийг учруулан амь насыг нь хохироосон байна.
Прокуророос Б-г “Хүнийг алах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх Б-ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үр дагавар шууд шалтгаант холбоотой гэж дүгнэн Б-г онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа
АДМИН







Нийгэм







