Dark Light
Нийгэм | 2023-01-22

Хужирт ХОТ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ өвөл хотын зам мөсөн гулгуурын талбай болсны учир нь цас ахиу унасандаа ч бус давсны оронд хужир цацсанаас болсон юм байна. Ntv-гийн сурвалжлагч Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлгээрээ хотын зам дээр давс биш хужир асгаж байсныг баримтаар илчлэн дэлгэлээ. Хотынхны машинтай нь түс тас, түмпэн шанага болж, явган алхагчид нь яс шөрмөс хуга нуга хийх болсон ус ихтэй, шууд мөстөж хөлддөг хужиртай замаас үүдэв үү? Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д.Сумъяабазар хужиртай холбоотой асуултад хариулалгүй бусгаж зайлсан юм байна. Харин хотын шинэ Ерөнхий менежер М.Баяраа Төв аймгийн Бүрэнгээс хужир авч байгааг яг тийм гээгүй ч үгүйсгэж чадсангүй. Хотын дарга замын мөс хусаж чадаагүй гэж Ч.Ганболдыг  Ерөнхий менежерээс нь бол хуссан юм. Давсны тендерээс болж Ерөнхий менежер хусагдсан ч замын мөс бол хусагдаагүй юм байна. Хотын дарга нар энэ өвөл ихээхэн хужирсаад, хужир шүүнд хошуу өлгөн хошуурдаг болсон юм байна.  

Улсад ч, хотод ч зам дээр цацах давсны стандарт гэж огт байдаггүйг “Тэгээс тэг” нэвтрүүлгээс мэдэж авцгаалаа. Төр оршин тогтнохын тэргүүн зорилго нь хүн ардын аюулгүй байдлыг сахин хамгаалах явдал боловч халтиргаа гулгаатай зам дээр асгах давсанд стандарт, хэм хэмжээ гэж байдаггүй ажээ. Хужиртай зам цастай замаасаа долоон дор гөлөөн гялаан, гөлтгөр мөлтгөр болдог ч байж мэднэ. Нуурын хужир ус ихтэй, ус хөлдөхөөрөө мөс болно гэж химич эрдэмтэн ч хэллээ. Өвөл болохоор хүйтэн болдог, ус хөлдөхөөрөө мөс болдог. 

Бүрэн сумаас нэг шуудай хужраа 3200 төгрөгөөр авдаг. Нэг шуудай нь 40-42 кг хужир болдог гэж сумын засаг даргын орлогч хэлсэн. 40 кг нь 3000 төгрөг бол 1 тонн нь 75  мянга болно. Хотын татвар төлөгчид бид 200 км-ийн зайд орших Бүрэн суманд 90 мянгаар авсан 1 тонн хужирт 450 мянган төгрөг төлдөг ажээ. Шатахуун тос, шуудай таар, ашиг унац нэмлээ шингээлээ гэхэд 200 км дотор 5 нугараад орж ирдэг юм байна. Гэхдээ давсанд биш хужирт татварын мөнгөө төлж,  бонуст нь гэмтэл бэртэл, осол аваар дагалддаг ажээ. Ингэхэд Хужирт сум гэж бол байдаг. Хужирт хот гэж байдаг бил үү? 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10