Монголд хүүхдийн нэрийн ард эрэгтэй, эмэгтэй гэдгээс гадна 9 хувийнх, 91 хувийнх гэж ялгаж тэмдэглэдэг боллоо. Статистикийн хороо, ХНХ-ын түүвэрлэсэн судалгаа, статистик дундаж аргачлалаас болсон уу, байр, машинууд дундажлагдан хаа хамаагүй хуваарилагдаж, энд тэндгүй оффшор Приүс, оффшор хүүхэд, оффшор ипотек, оффшор аав, оффшор ээжүүд илэрлээ. Хонь хургаа ялгах гэж улсаараа л хөлхөлдөж байна. Цаасан дээрх бүртгэл нь хээр алаг байсан учраас цахимд холбосон мэдээлэл нь мэдээж дагаад шийр алаг боллоо. 91 хувиас хасагдсан хүмүүс 3,5 сая төгрөгийн цалин орлоготойдоо биш зээлтэй, зээлгүй машин, сууц, зусланг хүртэл нь үнэлээд, 9 хувьд оруулж хүүхэд хаслаа гэж гомдол гаргаж байна. Жишээ нь, өрх толгойлсон төрийн албан хаагч эмэгтэй 1 өрөө зээлийн байртай, 1 хүүхэдтэй, 1 жижиг хуучивтар машинтай, 1 саяын цалинтай. Аавынхаа 2 өрөө хуучны орон сууц, зуслангийн газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлсний улмаас хасагдсан. Аавынх нь байр, зуслангийн байшин, тэтгэвэр зэргийг нь өөр дээр нь нэмээд хүүхэд нь хасагдчихсан.
Иргэд ч хаяг бүртгэлдээ өөрсдөө санаачилгатай байж, үнэн зөв болгон засуулах хэрэгтэй байна. Учир нь төр иргэний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасах эрхгүй. Бүртгэлд ороогүй сүүдрийн эдийн засаг их байдгийн бэрхшээл хүүхдийн мөнгөн дээр сүүдрээ тусгалаа. Татвар, НӨАТ өгдөггүй мах, машины ченжүүд, захын их гарын наймаачид бүртгэлгүй учраас ядрууд тооцогдож, хүүхдийн мөнгө авч байх тохиолдол гарч болно. Бүртгэлээс л бүх юм эхэлнэ. Бүртгэл дутуу бол бүх юм дутуу. Монгол улс малаа бүртгэдэг шигээ хүнээс бүртгэж сурвал бүх юм зөв тал руугаа эргэнэ.
АДМИН








Нийгэм







