Хөгжлийн банкийг хөнжлийн банк болгосны баримт нотолгоог хэлэлцэх сонсголыг сонсож байгаа нь цөөхөн ч сонор соргог хүнд бол сонсох юм ихтэй, сонссоноо цаашаа сонсгох юм ихтэй болж байна. Нүүрс, төмөр зам дээр бөмбөг дэлбэрч, хэдэн арван их наядын хулгайд нийтийн чих дөжирч, хүүхдийн мөнгөний будилаанд анхаарч байх хооронд бүх хүүхдийн мөнгийг тоносон тухай сонсгол сонсогдохгүй шахам байна.
Өрөө төлөөгүй, барьцаа хөрөнгөгүйгээр, зориулалтаар нь зарцуулаагүй байгаа этгээдүүд бүгдээрээ л эх орноо хайрласандаа зээл авсан юм байна. Улс төрчдийг зүс танихаас цаашгүй, бие даан, барьцаа баталгаагүй, шаардлага нөхцөлийг хангаагүй мөртөө, хууль дүрэм зөрчин бие даан, өр тавьцгааж чадсан гэж мэлзлээ. Доллароор авсан зээлээ доллароор төлнө гэж сайн дураар, гар хөлийн үсгээ зурсан мөрлөө доллароор нь төлж хохирч байгаа юм байна.
Хүрээний бузрыг бүгдийг уудална гэвэл далай далай. Хөгжлийн банкны өр зээлийг бүгдийг сөхнө гэвэл далай далай ч гэсэн эхний хэсгээс нь хөндье. Бэрэн групп төмрийн үйлдвэр босгоно гэж 38,8 сая доллар зээлсэн. Төмрийн үйлдвэр нь цаасан дээрээ үлдсэн, зээлээс нь 1,6 сая доллар нь казинод үлдсэн. Б.Мөнхтөр хувийнхаа дансаар 3 тэрбум 784 сая төгрөг зарлагадаж, Макао, Сингапурын казиногийн АТМ-ээс 1,6 сая доллар авч Хөгжлийн банкны зээлийг мөрийнд тавьж алдсан мөр нь баттай олдсон байна. Газрын наймааны хаан Т.Бадамжунайг Архангайнх гэдгээр нь л цааш мэдэхгүй боловч казино ихтэй Сингапурт таарсан юм байна. Эднийх өнөөдөр Хөгжлийн банканд 147,7 тэрбум төгрөгийн өртэй.
ТЕГ-ын дарга асан генерал Гэрэлийн охин Хулан ТУЗ-ийнх нь дарга “Шарын гол” ХК 264 сая иен зээлдэж аваад, 4 тэрбум 39 саяыг нь “Хэрлэн Онон Туул” ББСБ-д шилжүүлсэн. Гэрэлийн хүүхэд гэрэл цохиулсан 4 тэрбум төгрөгийг Хэрлэн, Онон Туул хэмээх Хэнтийн уулнаас эх аван урсдаг гурван голын нэртэй ББСБ-аар голын усанд угаасан гэх баримт сөхөгдлөө.
Хөгжлийн банкны хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар өөрийгөө эдийн засгийн талаар А ч үгүй гэж хэлэв. Улсын том банкны хамаг бүдүүн дарга болохоосоо өмнө бол өөрийгөө эдийн засгийн А ч үгүй гэж хэлээгүй. Хуульч хүн мөртөө дамжуулан зээлдэх ч гэрээ хэлцлийн талаар мэдэхгүй юм байна. Тоог нь ч мэдэхгүй, үсгийг нь мэдэхгүйгээр том банк толгойлж байсан байна.
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын асуудал эрлийн үзүүрт Эрдэнэ биш өр болсон хэвээр байна. Байшин үйлдвэрлэх комбинат барина гэж 14 сая доллар зээлдэж аваад өдийг хүртэл төлөөгүй, эрэл хөвөрсөөр үзүүрт нь зээл авсан тэр хүн биш зээл өгсөн бид буруутай болж таарлаа. Д.Эрдэнэбат 14 сая долларын зээлийн 1,6 саяыг нь үйлдвэр босгоход бус өөрийгөө хувьдаа арчлахад үрсэн байна.
ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн төрсөн эгчийнх нь хүүхэд А.Бат-Оргил Хөгжлийн банканд зээлийн ахлах мэргэжилтнээр ажилд ороод, өөрийнхөө болон нагац ахынхаа “Кью Эс Си компанид зээл олгочхоод тэр даруй ажлаас гарсан байна. Зээлдэгч нь зээлдүүлэгч байсан бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч болж цус холилдсон гайхмаар тохиолдол. Бүгдээрээ сонсголоо сонсохыг хичээе!
АДМИН








Нийгэм







