Dark Light
Нийгэм | 2023-01-26

“Амар байна уу 2023” үзэсгэлэнд жижиг, дунд бизнес эрхлэгч түрээс төлөхгүй оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.

Г.Гангамөрөн: Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээнэ

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-“Амар байна уу 2023” үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандартад хяналт тавих, хэв журмыг сахиулах зэргээр нийслэлийн харьяа 10 гаруй байгууллага  хамтран ажиллаж байна. Эдийн засаг хүнд, валютын ханш өссөн энэ үед үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид маань түрээсийн төлбөр огт төлөлгүйгээр 30 хоногийн турш бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж, худалдаалах нөхцөл бүрдэж байна. Улсын хэмжээнд 920 мянган өрх, нийслэлийн хэмжээнд 418 мянган өрх бий. Эдгээр өрх Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа эрчимжүүлэхэд нэмэр болно.

Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхийг бид зорилоо. Түүнчлэн бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдэлж болох  хөнгөлөлт, гарц шийдлүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс хүргэж байна.  Үйлдвэрлэл эрхлэгчдээс бид бараа, бүтээгдэхүүнийхээ нөөцийг базаах, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах, үнийг хамгийн доод хэмжээнд барихыг хүссэн  хэмээв.

Б.Оюунцэцэг: Түрээсийн төлбөр төлөхгүй тул бүтээгдэхүүнээ хамгийн хямдаар борлуулж байна

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчид болон зорьж ирсэн иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.

Дархан-Уул аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч Б.Оюунцэцэг:

-Би 2011 оноос зөгийн аж ахуй эрхэлж байна. Сар шинийн баярыг угтсан худалдаа, арга хэмжээнд өмнө нь ч цөөнгүй оролцож байсан. Энэ жилийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээг зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Түрээсийн төлбөр огт төлөхгүй учир бүтээгдэхүүнээ бид хамгийн хямдаар борлуулж байна. Тухайлбал, улсын бүртгэлийн дугаартай, чанарын баталгаатай, цэвэр зөгийн балаа нэг кг-ыг нь 25 мянган төгрөг буюу бөөнийхөөс ч доогуур үнээр худалдаалж байгаа хэмээв.

Худалдан авагч Т.Болд:

-Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдааг зорьж ирлээ. Би өөрөө эмч хүн. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо цэвэр, байгалийн гаралтай байхыг чухалчилж худалдан авдаг. Монголынхоо үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр, өргөн сонголттойгоор хүргэж байгаа нь маш их таалагдаж байна гэлээ.

Ташрамд, үзэсгэлэн худалдаа үргэлжлэх хугацаанд “Дүнжингарав” худалдааны төв рүү очих таван чиглэлийн 60 автобусны зогсоолыг “Шинэ 100 айл” төв хүртэл сунгах зохицуулалтыг хийсэн байна. Мөн үзэсгэлэнд тавьсан бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг Shoppy.mn, Ardshop.mn-тэй  хамтран нэвтрүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10