Сошиал сүлжээ бол хүмүүс хоорондоо ярилцдаг, зовлон жаргалаа, мэдсэн дуулснаа хуваалцдаг, бие биедээ урам зориг өгч, хайр талархлаа илэрхийлдэг өргөн талбар. Гэвч нар байвал сүүдэр байдаг. Цахим сүлжээнд гэмт хэрэгтнүүд, педофил буюу гаж донтнууд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Өнгөрсөн 2022 онд 8563 цахим гэмт хэрэг гарсан нь өмнөх жилээсээ 77,5 хувь өссөн. Үүнээс хамгийн их үйлдэгдэж байгаа нь цахим залилан бол хүүхдийг садар самуунд уруу татсан бузар булай гэмт хэрэг 18,5 дахин огцом өссөн байна. Цагдаад хандаж бүртгэгдсэн нь энэ болохоос бус цаана нь айж ичээд, өртөж хохирсон хэвээр нууж хаагаад хэлэлгүй мэдэгдэлгүй өнгөрч буй хэрэг олон мянгаараа байгаа юм.
Та бидний хүүхдүүд бие нь хажуу дэргэд байвч, орон зайн хязгааргүй цахим ертөнцөд гэмт хэрэгтнүүд, гаж донтнууд оюун санааг нь хордуулж, нэр төрийг нь гутааж, бяцхан зүрхийг шимшрүүлэн тамлахаар мөрдөн мөшгөж, олзоо шүүрэхээр отож, айлган сүрдүүлж байж болно гэсэн үг. Цахим гэмт хэрэгтэн, тролл, гаж донтнууд нарийн арга мэхтэй, ов зальтай. Адилхан хүүхэд, охины нэр зурагтай хуурамч хаяг, гоё гоё нэртэй групп чатууд нээдэг, олзондоо алхам алхмаар дөхөж, хуурч мэхэлж, ховсдон татсаар итгэлийг хүлээж, улмаар нүцгэн зураг, бичлэгийг авдаг. Нүцгэн зураг бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлж, савартаа базаж оруулаад, хүчирхийлсэн, бусдад биеийг нь зарсан гэмт хэргүүдийг цагдаа илрүүлэн шалгаж байна.
Ш.Алтангэрэл гэгч нь Фейсбүүкт Boyko Bou хаягаар бага насны охидын зураг, бичлэгийг мэхлэн авч, нийтэд цацна гэж айлган сүрдүүлж, бэлгийн харилцаанд орсон 4 гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн хамгийн дээд шийтгэл 20 жилийн ял авсан юм. Залуу насаа шоронд үдэх энэ эр хүүхдийн порно бичлэг үзсээр байгаад ийм дон шүглэсэн юм байна.
Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох эмгэгтэй гаж донтнууд гэм зэм, гэсгээл шийтгэлээ хүлээсэн ч өртөж хохирсон охид насан туршдаа сэтгэлийн шархтай үлдэнэ. Цахим цаг эринд төрж өсөж байгаа үр хүүхдүүдээ гараас нь хөтөлж, биеийг нь харж хамгаалах хангалтгүй. Хаалга цоож тогшихгүй орж ирдэг, далдын хар малгай өмссөн гэмт хэрэгтэн, гаж донтнуудаас үр хүүхдүүдийнхээ биеэс нь гадна оюун санаанд нь хараа хяналт тавих мэдлэгтэй байхыг энэ мэт жигшүүрт явдлууд, цахим эриний цаг үе, эцэг эх Та биднээс шаардаж байна.
АДМИН







Нийгэм







