Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Сүү ХК”, ”Хан Богд” кашмер, “Гурван Манх”, “Ялгуун Аксесорис” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөн өдөрлөг өнөөдөр /02.03-ны өдөр/ төрийн ордонд боллоо.
Тус зөвлөгөөнд 21 аймгийн 330 сумын төлөөлөл болох 1000 малчин эмэгтэй оролцож, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх гарц, шийдлийнхээ талаар хэлэлцэв.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ малчдын залгамж хойч үеийг бэлтгэх, малчдыг чадваржуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах нь чухлыг онцлон дурдсан.
Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Малчин өрх ба эрүүл мэнд”, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр ”Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Нийт малчдын 41,7 хувийг бүрдүүлж байгаа малчин эмэгтэйчүүд мал маллах, малын ашиг шимийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгох өдөр тутмын ажилд ихэнх цагийг зориулдаг. Нийгмийн харилцаанд бүрэн оролцож чаддаггүй, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тэр бүр хамрагдах боломжгүй, мөн хуулиар олгогдсон сонгогдох эрхийн талаарх мэдлэг ойлголт сул, төрөл бүрийн сургалт хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүйгээс мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байгаа талаар судалгаа байна.
Зөвлөгөөнөөр малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих урамшууллын тогтолцоог бий болгох, амарч сувилуулах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох хэрэгтэй байгаа талаар малчин эмэгтэйчүүд салбарынхаа бодлого тодорхойлогчдод уламжиллаа.

АДМИН








Нийгэм







