2001 онд “Н” сумын Засаг дарга тус сумын бүх багийн Засаг дарга нарыг “бүрэн эрхийн хугацаа дууссан” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Үүнийг эс зөвшөөрч 4 багийн Засаг дарга нар шүүхэд хандан, уг шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхгүйгээр өөрийн санаачилгаар томилж, чөлөөлөх бүрэн эрх хуулиар олгогдоогүй гэжээ.
Хариуцагч сумын Засаг дарга тайлбартаа, “багийн Засаг дарга нарын 4 жилийн хугацаа нь дууссан тул ажлаас чөлөөлсөн” гэжээ.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцэхэд, “Н” сумын багийн Засаг дарга нарыг чөлөөлөх, огцруулах асуудлаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй, ямар нэгэн шийдвэр гаргаж, сумын Засаг даргад хүргүүлээгүй болох нь тогтоогдсон.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 2006 оны хуульд зааснаар “багийн Засаг даргыг нэр дэвшүүлэх, улмаар томилуулахаар санал болгох, багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах саналыг хэлэлцэх нь багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх байхаар заасан.
Багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, санал шийдвэрээ сумын Засаг даргад хүргүүлээгүй байхад сумын Засаг дарга өөрийн санаачилгаар багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”,
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа
АДМИН








Нийгэм







