Монгол Улсын Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй баг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас өглөөний 04:30 цагт тус улс руу хөлгийн жолоо залсан юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын тусламжийн баг зорьсон газраа саадгүй хүрч, "Гозонтек" хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газардсан байна. Тэд яг одоо гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 км замын хөдөлгөөн үйлдэхээр хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалаа тээвэрлэж байгаа ажээ.
БНТУ-ыг зорьсон эрэн хайх, аврах багийн 11 гишүүн нь Зэвсэгт хүчний алба хаагчид ба Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн анагаах ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдана.
Өчигдөр тус багийн бүрэлдэхүүнийг Турк улсыг зорихоос өмнө Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгчээ. Тэрбээр, Та бүхэн бол ажиллагааны газар оронд хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэж байсан туршлагатайгаас гадна гамшиг ослын үед ажиллах сэтгэл зүй болон бие бялдрын чадвар эзэмшсэн. Түүгээр зогсохгүй англи, турк хэлний мэдлэгтэй учир нутгийн иргэдтэй хэл нэвтрэхэд бэрхшээл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хүн бүр өөр өөрсдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд ирэхийг хүсье хэмээн захижээ.
Цэргийн эмч нарын тухайд гамшгийн голомтод гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
АДМИН








Нийгэм







