Өнөөдөр /2023.02.08/ Ардчилсан намаас Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ.
Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, АН-ын УТЗ-ийн гишүүн Ц.Одонтунгалаг, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт, ҮБХ-ны гишүүн О.Батханд, ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон АН-ын гишүүн П.Галиндэв нар оролцлоо.
Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын гишүүн П.Галиндэв хэлэхдээ, “Монгол Улсад өнөөдөр үгээ хэлсний төлөө, лайв хийсний төлөө шоронд ордог нийгэм бий болчихсон юм уу? МАН-ын үед л лайв хийсэн иргэнээ шоронд хийдэг нийгэм, дарангуйлал бүрдэж байна. МАН эрх мэдэлтэй байх үедээ, эрх мэдэл нь хэтрэх үедээ дандаа хэлмэгдүүлэлт явуулж байсан. Өнөөдөр ардчилсан нийгэмд, XXI дүгээр зуунд үгээ хэлсэн, лайв хийсэн, төр засгийг шүүмжилснийхээ төлөө шоронд ордог ийм нийгмийг бүтээж болохгүй. Залуучууд талбай дээр жагсвал шоронд хийдэг, үзэл бодлоо илэрхийлбэл шоронд хийдэг нийгмийг бүрдүүлсэн байна. Өнөөдөр монголд нүүрс, концесс, ждү гэх мэт маш олон хулгай байна. энэ бүгдийг хэлсэн хүн бүрийг шоронд хийгээд байх уу? ” гэлээ.
Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт хэлэхдээ, “Монголчуудын амьдрал өдөр ирэх тусам уруудан доройтож байна. Энэ бүх асуудал нь авлига, хээл хахууль, албан тушаал, хөгжлийн банк болон нүүрстэй холбоотой хулгай дээрэм болсон. Энэ хулгай дээрэм, болохгүй байгаа зүйлийг нийгэмд ил гаргаж ил тод, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа иргэдийг барьж хорьдог тогтолцоо бий болчихлоо. Үүнийг бид эсэргүүцэж байна. Үгээ хэлсэн хүн бүрийг бид хамгаалахын төлөө байна” гэлээ.
АДМИН








Нийгэм







