Dark Light
Нийгэм | 2023-02-09

Хөдөөгийн иргэд хөнгөлөлттэй эмээ авахын тулд биеэр очих шаардлагагүй болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллах үеэр эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой хэд хэдэн асуудлаар санал солилцож тодорхой үүргүүдийг өгсөн юм. 

Санхүүжилтийн шинэ тогтолцоо эмнэлгүүдэд эмч, ажиллагсдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад бие даасан бодлого хэрэгжүүлэх сайн талтай ч тогтолцоо хуучнаараа байхад санхүүжилтийн аргаа шинэчилсэн нь эрүүл мэндийн байгууллагуудад зарим нэг хүндрэл авчирч буйг засаж боловсронгуй болгох шаардлага байна. 

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг улсын хэмжээний төрөлжсөн эмнэлгүүдтэй нэг шатлалд оруулсан нь гарааны ижил бус нөхцөлийг бий болгож,  тусламж үйлчилгээний давхардал үүсгэж байна. Тиймээс тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэх замаар давхардал, ачааллыг бууруулах арга хэмжээ авах, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний өртгийн тооцооллыг дахин авч үзэх хэрэгтэй. 

Эмнэлгүүд санхүүжилтээ авахын тулд сар бүр үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ мэдээллийг программд оруулахдаа хугацаа хоцроох, зарим тохиолдолд үйлчилгээгээ алдаатай шивэх тохиолдол гардаг. Гэтэл нэгэнт шивэлт хийчихсэн бол түүнийг засах боломжгүй учраас санхүүжилтээ хасуулдаг. Тиймээс зарим тохиолдолд хэт хатуу хандалгүй, цаана нь хүний эрүүл мэнд, амь насны асуудал байгааг харгалзан программын буруу шивэлт хийсэн бол түүнийг нь буцааж засах боломжтой уян хатан зохицуулалт бүхий хөгжүүлэлт хийх нь зөв гэж үзэж байна. 

Шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудлууд ч гардгийг эргэж харах, чухам ямар шалтгаанаар санхүүжилт хасагдсаныг ил тод болгох ёстой.  

Хөдөөгийн иргэд сар бүр сумын төв орж хурууны хээгээ уншуулж байж даатгалаар олгодог хөнгөлөлттэй эмээ авдаг нь багагүй хүндрэл учруулдаг талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс энэ байдлыг өөрчилж багийн эмчийн жороор заавал өөрөө очихгүйгээр хэн нэгнийг явуулаад авчихдаг байх боломжийг бүрдүүлэх үүргийг салбарын сайд өгчээ. ЭМДЕГ тухайн асуудлыг хэрэгжүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн тул орон нутагт уулын мухарт нутаглаж буй ахмад настан сар бүр сумын төв орж хуруугаа уншуулж байж эмээ авдаг байдал арилна. 

Мөн эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтийн гэрээгээ ЭМДЕГ-тай гурван жилийн хугацаатай хийдэг нь эмнэлгүүд өөрсдөө тоног төхөөрөмжөө нийлүүлээд, боловсон хүчнээ бэлтгээд шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүллээ гэхэд санхүүжилтээ авч чадахгүй хүндрэл учирдаг байна. Тиймээс шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол санхүүжилтийг нь өгдөг байх зохицуулалт хэрэгтэй. Зохицуулалтыг хийхэд ЭМДҮЗ-ийн нэмэлт сонгон шалгаруулалт явуулах тухай шийдвэр нөлөөлдөг гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байлаа. Нэмэлт сонгон шалгаруулалт явуулах нь хугацаа алдахаас эхлээд сөрөг тал ихтэй учраас ЭМДҮЗ-ийн энэ шийдвэрийг эргэж харах шаардлага байгаа зэрэг зохицуулалт, тохируулгуудыг гүйцэтгэлийн санхүүжилт дээр хийнэ гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10