Зэвсэгт хүчний Жанжин штаб, Техник Технологийн дээд сургууль 2019 оноос цэргийн алба хаагчдыг нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургаж мэргэшүүлэхэд хамтран ажиллаж байгаа билээ. Энэ нь мэдлэг, мэргэшил, боловсролын зэргийг нь ахиулах, инженерийн чиглэлд түлхүү сургах, тэтгэвэрт гарах алба хаагчдад нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх, хугацаат цэргийн алба хаагчдыг богино хугацааны сургалтад хамруулах зэрэг зорилготой юм.
2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин стратегийн бүтээн байгуулалтад оролцож эхэлсэнтэй холбогдуулан 50 гаруй цэргийн алба хаагчийг авто зам, барилга угсралтын техникч мэргэжлээр сургаж бэлтгэсэн бөгөөд энэ үед тэдний зарим ахлагч бакалаврын зэрэгтэйгээр үргэлжлүүлэн суралцсан юм.
Ахлах ахлагч Л.Хүчитбаатар (256), ахлах ахлагч Ц.Баатархүү, Д.Энхбаяр, Ц.Ганхуяг, н.Мөнхболор (150) болон бэлтгэл сургагч ахлагч Т.Энхбаатар нар 2019-2023 онд тус дээд сургуульд авто замын инженер мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж, 2023 оны 2 дугаар сарын 10-ны энэ өдөр ромбо, дипломоо багш нараасаа гардан авсан байна.
Тус сургуулийнхан цэргийн алба хаагчдын идэвх оролцоо, хичээл зүтгэл өндөр байсныг онцолж, цаашдаа офицер, ахлагчаас гадна цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдад мэргэжил олгох, төрөл бүрийн богино хугацааны сургалтыг явуулах боломжтой гэдгээ илэрхийлжээ.
АДМИН







Нийгэм







