Тавь гаруй насны Нямаа гэдэг эмэгтэйн GS-25-ын худалдагч охинд гурван хэлний хараалтай, салаавч, дунд хурууны үзүүлбэртэй, хутга шөвөгтөө хүрсэн тавтир үгүй танхай явдал цахим сүлжээнд цахран хөөсөрлөө. Боловсрол судлалын холбооны тэргүүн, хижээл насны эмэгтэй атал хүүхэд шигээ охиныг я, п, ф гэх хятад, орос, англи гаралтай хараал зүхлээр шүршиж, алчихна шүү гэж сүрдүүлж, галавсай хиамаа хэрчиж зүсдэг хутгаа гартаа барин давшилсан нь боловсролгүйн судлагдахуун болов. Халаасандаа хиамны хутгатай боловсрол судлаач Монголд л байдаг. Эсвэл боловсрол судлал гэдэг ТББ-тай л болохоос боловсрол судлаач гэхээсээ боловсролоо судлуулагч болж таарлаа. Танхайран явагч хатагтай, агсамнан хэрэлдэгч эмэгтэй ариун нэр төрөө хамгаалах аян дайнд үргэлжлүүлэн мордож, мэдээллийн сайтад ярилцлага өгсөн нь өөрт нь гай нэмж, гэгээн журамт амьдралынх нь муу намтар, хар толбо сөхөгдлөө. Нямаа гэгч 10 жилийн өмнө бусдын эд хөрөнгийг залилан авч, мөрдөн байцаалт, хорих ангиас оргон зайлсан хэрэгтээ 10 жилийн хорих ял авч биеэр эдэлж явсан хүн ажээ. Нарсанд сууж, зайгуул босуул босож явсан хүн худалдагч охиныг зажлахгүй залгина гэж аархсан биш ард түмнээр ариун нэрээ шүүлгэлээ. Дэлгүүр дотроос энергийн ундаа хайгаад олоогүйдээ сөрөг энерги нь дэлбэрч, тавин таван настанд тавтир хэрэгтэйг харуулсан танхайрал зөрчил гаргасан байна.
GS-25 сүлжээнийхэн 50 нэмэх настны тавтир буурьгүй, танхайрлын бичлэгийг цагдаа, прокурорт баримт болгон өгөхөөсөө өмнө цахим орчинд цацаж дэлгэсэн нь аргагүй хамгаалалт авсных бололтой. Нямаа эгч удалдагч охины зургийг авч, фейсбүүкт байршуулснаа зарлан тунхаглаж, хармаандаа хийсэн алтан ээмэг, картаа алга болсон гэж шахаж тулгасан тул арга буюу олон нийтэд дэлгэсэн гэж үзэхээр байна.
Нямааг 40-50 насныхан, 70, 80-аад оныхон танайх манайх гэж бие бие рүүгээ түлхсэн боловч явж явж 55 настай 60-аад оныхны эгнээнд дэвшээд байна. Дайны хажуугаар дажин гэгчээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хаягаас Нямаа гуайг манайд ирэх болзлоо хангасан гэж постолсон нь хүний эрхэнд халдсан муу дээр муу, муухай дээрээ улцан гэгч өөдгүй явдал болсон юм. СЭМҮТ цахим хуудсаа хакердуулан алдсан гэж тайлбарласан боловч муу үг модон улаатай гэгчээр Нямаа гэдэг эмэгтэйг элэглэж шоолсон өөдгүй пост хүчтэй тархсан.
Шинэ үеийнхэн өрөөл бусдад үйлчилж сурч байна. Ахмад үеийн өөрсдөө үйлчлүүлж сураагүй байна. Өмнөх нийгмийн үеийн оочир дараалал дайрах, үсчин нь толгой тархи гудчин загнах, цэвэрлэгч нь шүүрийн модоор балбах, худалдагч нь өөдөөс бараагаа шидэх мэтийн олиггүй дурсамж одоо ч тархиных нь хаа нэгтээ шигдсэн хэвээр байна.
АДМИН








Нийгэм







