Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн зуслангийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хүүхдийн зуслангийн стандартад заасан шаардлага хангах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх амралт, сувиллын газрыг 2022-2023 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хугацаанд хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг чиглэл болгосон.
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд тус яамны санхүүжилтээр хүүхэд хөгжлийн “Эх орон-36” хөтөлбөрийг Батлан хамгаалах яамны харьяа “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв” ТӨААТҮГ болон Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Сүүж-Уул” амралт, сувиллын газарт 2023 оны 07 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулж, 200 хүүхдийг хамрууллаа.

Энэ удаагийн хөтөлбөрийн нэг ээлжийг цагдаагийн албан хаагчдын хүүхдүүдийг хамруулах хэлбэрээр зохион байгуулж, цагдаагийн ажил мэргэжлийн онцлогийг таниулахад чиглэсэн хөтөлбөрүүд тусган хэрэгжүүлснээр хүүхдүүдэд аав, ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогийг ойлгож, бахархах бахархлыг бий болгосны зэрэгцээ бусад салбаруудад ч энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэхэд сайн туршлага болохуйц ач холбогдолтой боллоо.
Хөтөлбөрийг Батлан хамгаалах яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, “Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв” ТӨААТҮГ, “Сүүж-Уул” амралт, сувиллын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Ирэх жилүүдэд дэргэдээ амралт, сувиллын газартай байгууллага, аж ахуйн нэгжүүд хүүхдийн зуслангийн стандартад заасан шаардлага хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэн үйл ажиллагааны хэлбэрийг хүүхдийн зуслан хэлбэрээр сургуулийн амралтын үеэр өөрчлөн зохион байгуулж, салбарынхаа ажилчдын болон бусад хүүхэд, багачуудыг амраан хүүхдийн хөгжлийг дэмжихэд сайн жишиг арга хэмжээ боллоо хэмээн оролцогч талууд дүгнэж байна.
АДМИН








Нийгэм




