Хилийн чанадад амьдарч, ажиллаж буй монгол гэр бүлүүд, залуу эцэг эхчүүдэд тулгардаг хамгийн том сорилтуудын нэг болох хүүхдийн эх хэл, үндэсний өв соёлын дархлааг хамгаалахад зориулсан "Харь хэлний орчинд монгол хүүхдээ өсгөх нь" хэмээх шинэ ном уншигчдын гарт хүрэв.
Уг бүтээлийг хэл шинжлэлийн мэргэжилтэн Ц.Наранцэцэг туурвиж, "Өв хэл соёл" Монгол хэл, соёл, өвийн төвөөс эрхлэн хэвлүүлсэн байна.
Энэхүү ном нь гадаад улсад амьдарч буй монгол хүүхдийг бага наснаас нь эх хэлээр нь хэрхэн зөв хэлд оруулах, хос хэлтэй (bilingual) хүүхэд өсгөхөд анхаарах сэтгэл зүйн онцлогууд болон гадаадад хожуу ирсэн хүүхдийн монгол хэлийг соёлын орчны нөлөөгөөр мартуулахгүй авч үлдэхэд эцэг эхчүүд гэр бүлийн орчинд ямар арга барил хэрэглэх тухай шинжлэх ухааны үндэслэлтэй, практик зөвлөмжүүдийг багтааснаараа онцлог юм.
Шинэ номын нээлт болон түүнийг тойрсон хэлэлцүүлгүүд гадаадад суугаа монголчуудын дунд идэвхтэй өрнөж байна. Тухайлбал, АНУ-ын Чикаго хот орчмын монголчуудын дунд зохион байгуулагдсан "Монгол-Англи хос хэлт эцэг эхчүүдийн чуулга уулзалт"-ын үеэр Глэнвиү 34-р дүүргийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр залуу гэр бүлүүдэд энэхүү гарын авлага номыг бэлэглэх, эх хэлээ хамгаалах хөдөлгөөнийг өрнүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү бүтээл нь харь газар суугаа мянга мянган монгол үрс эх хэл, түүх соёлооо гээлгүй "Монгол хүн" болон төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулах чухал гарын авлага болж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм



