Өнгөрч буй 7 хоногийн онцлох хүнээр Боловсрол, судалгаа арга зүйн төвийн Ч.Чулуунцэцэг гэдэг эмэгтэй тодорлоо. Ажлаа мэддэг хүн үнэн бодит байдлыг эрхэм гишүүдийн улаан нүүрийг улалзтал, ууж байгаа кофег нь цалгитал нүүр өөд харж байгаад хэлж шокт оруулж, зүгээр л тав нойлдлоо.
УИХ-ын гишүүд хүүхэд хамгааллын жилийн зардал 2,5 тэрбум байсныг 8 тэрбум болгосноо ажил хийсэн, асуудал шийдсэн мэт энгэр цээжээ дэлдэж гэнэ. 2 сая хүүхдэд 8 тэрбум гээд тоо бодоод үзвэл нэг хүүхдэд жилд 4 мянган төгрөг оногдож байна. 1 хүүхдэд 1250 төгрөг оногддог байсныг 4000 төгрөг болгоод хүүхдийн төлөө За гэж хэлсэн юм байна. Хурал хийж байхдаа л бүтэн жилд 300 хүүхэд хамгаалах төсвөөр бор аягатай боргол уугаад хаячхаж буйг энэ эмэгтэй тооцоолж хэллээ.
Аудитын дүгнэлтээр бол нэг хүүхдэд 4000 мянган төгрөг оногдох зардлынх нь тал нь хаачсан нь мэдэгдэхгүй байгаа юм байна. 4000 мянгаар хамгаална гээд 2000 мянгыг нь цавчиж өлөнтсөн үү? гэдэг өөдгүй асуулт босож ирлээ.
Хүүхэд хүчирхийллээс хамгаалах төсөв зардал, сум бүрд ажиллах хүн, орон тоо, бүр кино сурталчилгаа хийх гэх мэт мөнгө бизнес ярьсаар хүүхэд хохирсоор байна.
Монгол бол хүүхдийн орон. Хүүхэд олныг төрүүллээ гэж ээжид нь шагналтай орон. Хүүхдээ өсгөхөд нь шийтгэлтэй орон. Хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад амиа алдчихдаг орон, хичээлдээ явах, гэртээ харих замдаа алагддаг орон. Замын хажууд, гарц, гэрлэн дээр согтуу жолоочид мөргүүлээд үүрд оддог орон. Эмийн сангийн хаалган дээр тогонд цохиулаад нас бардаг орон. 21-р зуунд бяцхан иргэнээ хайгаад олдоггүй, хэд хоног шуугьж, ар гэрийг нь ч сэтгэл санаагаар алаад мартдаг орон. 17 той охин дотуур байрнаасаа чирэгдэж гараад буудуулчихдаг орон, 3 хан настай хөвгүүн хойд эцэгтээ тамлуулж харийн эмнэлэгт бяцхан зүрх нь зогсдог орон, төрсөн эх нь үрээ биш өвөр хуваадаг хамтрагчаа хаацайлдаг орон.
Монгол хүүхдийн орон. Монгол хүүхдэд халтай орон. Монгол хүн болж төрөх их хувь заяа мөн үү?
АДМИН








Нийгэм




