Дөрвөн жилийн өмнө 76 уулаа байсан УИХ-ын гишүүдээс хууль шүүх болон дайны фронт руу явсаар өнөөдөр 72 уулаа үлдээд байна. Төрийн ордноос төрийн шорон руу нүүх гишүүдийн лакан хар гутлын мөр нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрсний хэрэгт Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ дээлээ шувтлуулж, дээлээ тайлж шүүхийн хаалга онголзуулж яваа. Харин Х.Нямбаатар утаа, түгжрэл, газрын наймаа, цавчаа ногоон, цайчихсан улаан автобус зэрэг хурсан асуудал бэрхшээлд бөмбөгдүүлсэн Улаанбаатар хотын дайны фронтод мордсон. Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэрэгт анхан шатны шүүхээс ял шийтгэлээ авчихсан, бүсээ тайлж, нөмгөн дээлтэйгээ хонож, ордноос нүүх нь ойртсон.
800 гаруй эрчүүдийг төрийн ордонд цуглуулж, чуулган хийсэн агуу их ажил үйлсээрээ өөрөө машид ихээр бахархдаг А.Адъяасүрэнгийн нүүрсний хэрэг прокурорт шилжүүлсэн гэж АТГ мэдээллээ. Булганаас сонгогдсон Ц.Анандбазар нэгэн зэрэг хамгийн олон хэрэгт шалгагдсан анхны гишүүнээр тодорсон. Хаана хэрэг гарна, тэнд Ц.Анандбазар баавгай шиг унтаж байдаг, цочиж сэрдэг. Зөвхөн Т.Бадамжунайд холбогдсон 4 хэргийн гуравт нь Ц.Анандбазар Бага тэнгэрийн аман дахь хаус хотхондоо давуу байдал хүртсэн асуудлаар шалгагдаж байгаа юм байна.
АТГ нүүрсний 17 хулгайч зарлахад 7 нь одоогийн гишүүн. Хөгжлийн банкны хэрэгт 4 гишүүн шалгагдсан. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гишүүдийн бүдүүн бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн.
Төрийн ордон, шорон хоёр олон талаар адилхан. Төмөр хашаатай, харуул хамгаалалттай, засгийн хоол иддэг, татварын мөнгөөр амьдардаг. Иддэг хоол, цалин хангамж, эрхээ хасуулсан, нэмүүлснээрээ ялгаатай. Аль алинд нь тодорхой тодорхой тооны улсууд тоотой жил авч суудаг. Ордонд 76 хүн 4 жил авч суудаг, шоронд янз янзын хугацаагаар ордгоороо ялгаатай. Шоронд 25 жил хүртэл авч суудгаараа ялгаатай. Ордонд алх цохиж хууль хэлэлцэн баталдаг. Шоронд алхаа цохиулсан хүмүүс хуулийн ял сонсоод суудаг. Харин ордоор нь хусдаг нь ордон хавиар, шуудайгаар нь туусан нь шоронд голдуу байдгаараа ялгаатай.
АДМИН








Нийгэм




